Орос, хятадын далайчид далайн дээрэмчидтэй тэмцэх хамтын ажиллагаагаа боловсруулах ажилдаа Шар тэнгист орлоо. “Тэнгисийн хамтын ажиллагаа-2012” нэртэй хээрийн сургууль өнөөдөр эхэлсэн ба 4-р сарын 27 хүртэл үргэлжлэх юм. Энэ хээрийн сургуульд нийтдээ 20 гаруй байлдааны хөлөг онгоц, хангамжийн онгоц, нисэх хүчин оролцож байгаа юм. Хоёр орны далайчид хоорондоо орос хэлээр ярих юм байна.

Адены буланд хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг хангаж байсан учир Орос, Хятад улсуудын далайчид баялаг туршлагатай юм. Тэгэхлээр энэ сургуулийн үеэр дадлага туршлагаа гайхуулах боломж гарах юм. Ялангуяа барьцаалагдсан хөлгийг чөлөөлөх, хөлгийг цуваанд оруулах зэрэг дээр илүү илрэх бол уу. Хэрвээ цэргийн хэлээр бол энэ сургуулийн зорилго нь орос хятадын флотуудын үйл ажиллагааг шуурхай нэгтгэхэд оршиж байгаа юм.

Найрамдалт харилцаатай орнууд л хамтарсан хээрийн сургууль явуулдаг юм. Гэхдээ ОУ бол Хятад улсын цэргийн холбоотон нь биш гэдгийг тооцож үзэх хэрэгтэй гэж “Үндэсний батлан хамгаалалт” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко тэмдэглээд: «Мөн Хятад улс ОУ-ыг цэргийн холбоотон гэж үзэхгүй байгаа юм. Манай армиуд ямар нэгэн байлдааны ажиллагаанд оролцоно гэж ярих нь утгагүй юм. Харин түншийн харилцан ажиллагааны хүрээнд бид манай хил дээр тогвортой байдал энх тайван байхыг л хүсэж байна. Хамтарсан хээрийн сургууль явуулах, цэргийн зөвлөлдөөн хийх зэрэг нь Москва, Бээжингийн харилцааны динамикт нааштай нөлөөлнө» гэж тэр ярилаа.

Оросын хөлөг онгоцны бүлгийг Номхон далайн флотын пуужин тээгч “Варяг”аврага хөлөг онгоц толгойлож байна. Түүнийг холын зайд байгаа газрын болон усан доорх байг устгаж чадах олон зориулаллт бүхий цохилтын пуужингийн цогцолбороор тоноглосон байна. Энэ аврага хөлөг онгоцны зэвсэглэлд бөмбөг шидэгч тийрэлтэт төхөөрөмж, торпедийн аппаратууд, янз бүрийн хэмжээ болон зориулалттай их бууны төхөөрөмжүүд зэрэг байна. Энэ бүлэгт завь эсэргүүцэгч 3 хөлөг, түлш тээгч, хоёр чирэгч онгоц багтаж байгаа юм.

Флотуудын хамтарсан үйл ажиллагааны янз бүрийн хувилбаруудыг хэрэглэхээр хээрийн сургуулийн төлөвлөгөөнд тусгасан байна. Орос, Хятад улсуудын хөлөг онгоцууд тэнгист нөөцөө базааж авах, аюултай бүсэд хамтарсан эргүүл хийх, агаарын болон тэнгисийн байнуудыг янз бүрийн зэвсэгээр устгах, эрэх, аврах ажиллагааг хамтран явуулах, осолд орсон хөлөг онгоцонд тусламж үзүүлэх зэргийг сургуулилж байна. “Тэнгисийн хамтын ажиллагаа-2012” нэртэй хээрийн сургуулийн бүх үе шат дууссаны дараа орос, хятадын далайчид Шар тэнгисийн ай савд сэтгэлд хоногшихоор тэнгисийн цэргийн парад явуулах болно.