Эдийн засгийн хориг арга хэмжээний дор олон улсын тусгаарлалтад олон жилийн турш байсан Мьянма улстай аж үйлдвэр хөгжсөн орнуудаас хамгийн түрүүнд Япон улс хамтын ажиллагаагаа сэргээхэд бэлэн байна. Мьянма улсын ерөнхийлөгч Тейн Сейнтэй хэлэлцээр хийснийхээ дараа Японы ерөнхий сайд Ёсихико Нода ингэж мэдэгджээ. Хэлэлцээрийн явцад 300 тэрбум иен буюу 3,7 тэрбум долларын Нейпьидогийн өрийг цайруулахаар Япон, Мьянма улсуудын тэргүүнүүд тохиролцсон байна. Тус улсын дэд бүтцийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхэд зориулсан бага хүүтэй иений зээлийг Мьянмад олгоход бэлэн байна гэж Токио мэдэгдсэн байна. Өнгөрсөн бямба гаригт Токиод болж өнгөрсөн Камбодж, Лаос, Мьянма, Тайланд, Вьетнам улсуудын төрийн тэргүүнүүд болон ерөнхий сайд нар оролцсон “Япония-Меконг” зургаан талын дээд хэмжээний уулзалт болсон юм. Меконг мөрний сав газрын орнуудад тусламж болгон 600 тэрбум иен буюу 7,4 тэрбум доллар гаргаж өгөхөөр болсноо зарлажээ. Зүүн Өмнөд Азид Хятадын ашиг сонирхол нэмэгдэж байгаатай холбогдуулан Япон улс сүүлийн үед энэ бүс нутагт нөлөөгөө бэхжүүлэхийг зорьж байна гэж ажиглагчид үзэж байна.