Олон улсын цэргийн ажиглагчдын 300 хүний бүрэлдхүүнтэй бүлгийг Сири улс руу нэн даруй илгээнэ гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдлээ. Бүх дэлхийн энэ байгууллагын хэвлэлийн алба түүний мэдэгдлийг тараасан байна. НҮБ-ын ажиглагчдыг Сири улс руу илгээх тухай тогтоолыг НҮБ-ын АЗ бямба гаригт санал нэгтэйгээр баталсан байна. Эдгээр ажиглагчдын бүлгийн чөлөөт хөдөлгөөнд саад учруулахгүй  болон холбоо харилцаагаар хангах мөн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг шаардлагатай нөхцлийг бүрдүүлж өгөхийг Сири улсын засгийн газар болон бусад талуудад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга уриалсан байна. Оросын 4 офицер оролцсон ажиглагчдын бүлэг 90 хоногийн хугацаатай Сири улсад очих болно. Есөн мянга гаруй хүний амь насыг хороож жил гаруй үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөнийг олон улсын хамтын нийгэмлэг ийм аргаар зогсоохыг оролдож байна. Баталсан тогтоол нь “Сирийн нөхцөл байдлыг зохицуулахад тулгуур үүрэг гүйцэтгэнэ” гэж НҮБ-ын дэргэд ОХУ-аас суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин санал хураалтын дараа мэдэгдсэн байна. Тогтоолоос ухрах буюу өргөтгөх тухай асуудал огт байж болохгүй гэж тэр тэмдэглэлээ. 2011 онд Ливи улсад хөндлөнгөөс зэвсэглэн оролцсон “ливийн загвараар” үйл явдлыг хөгжүүлж хэрхэвч болохгүй гэж Чуркин хэлсэн байна. Сирийн мөргөлдөөнд оролцож байгаа талууд хүчирхийлэлийг зогсоож, НҮБ-ын АЗ-ийн тогтоолын шаардлагуудыг бүрэн биелүүлэхийг Чуркин уриаллаа. Ажиглагчид нь “зөвхөн төр засагт ч биш сөрөг хүчинд ч мөн адил шүүмжлэлтэй хандаж” нөхцөл байдлыг газар дээрээс нь бодитойгоор мэдээлнэ гэдэгт найдаж байгаагаа тэрээр илэрхийллээ.