Хоёр Суданы цэргийн мөргөлдөөнд Хятад,АНУ хоёрын ашиг сонирхол харшалдав. Бээжин Хартумтай уламжлалт нягт хэлхээ холбоотой байхад Жуба Вашингтоны холбоотон болжээ.

Суданы нефть Хятад улсаас Африк тивээс авч байгаа нефтийн дотор хэр хэмжээгээрээ ангол, нигерийнхний дараа гуравт ордог. Хятадын компаниудаас суданы нефтийг эзэмших, тээвэрлэхэд их хэмжээний хөрөнгө оруулж байна. Харин Судан, Өмнөд Судан хоёр нефтиэр баялаг орд газруудаас болж сөргөлдэж эхэллээ. Хоёр тал өргөн хүрээтэй дайн дэгдээх босгон дээр байна. Байлдааны ажиллагааны уршгаар Хятад, Энэтхэг, Малайзийн нефтийн компаниуд их хэмжээний гарз хохирол хүлээж байна. Зөвхөн Хятад улсаас Суданы эрчим хүчний үйлдвэрлэлд 20 тэрбум доллар оруулсан билээ. Тус улс Ливид иргэний дайны уршгаар бараг төчнөөн хөрөнгөө алдав. Байдал давтаглдаж болзошгүй гэж Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Александр Салицкий хэлээд

«Энэ нь Хятад улс байлдааны ажиллагаанаас болж Африкт эд хөрөнгөө алдаж байгаа 2 дахь тохиолдол болж, Хятадыг нефтийн эх сурвалжаас холдуулахыг АНУ оролдож байна гэсэн саналыг  батлав. Тун аюултай ажиллагаа явагдаж байна. Харамсалтай нь Өмнөд Суданыг гаднаас дэмжиж байна. Энэ нь сирийн хувилбар ер нь «арабын хавар» гэгчтэй төстэй» гэв.

Одоогоор батлагдаагүй мэдээ баримтуудаас  харахад өрнөдийн орнууд  Ойрхи Дорнодын түншүүдийнхээ зуучлалаар бүр 3-р сараас Өмнөд Суданд цэргийн дэмжлэг үзүүлж байна. Өрнөдээс зэр зэвсэг, пуужин, логистикийн тоног төхөөрөмж нийлүүлж, африкийн хөлсний этгээдүүдийг татан шилжүүлж байна. Жуба Судантай байлдааны ажиллагаа явуулах зөвшөөрөл Вашингтоноос авсан гэж дипломат эх сурвалж батлан илэрхийлэв. АНУ Суданы ерөнхийлөгч Омар Баширыг олон улсын терроризмын ивээгч хэмээн нэлээд удаан үзэж ирсэн. Сүүлийн үед хоёр орны харилцаа бага зэрэг сайжрасан ч найрсаг болоогүй. Иймээс АНУ маргаан үүсгэсэн нефтиэр баялаг Хөглийг булаан эзлэсэн Өмнөд Суданы армийн ажиллагааг тоомсорлохгүй байна. Хөглигээс өөр нефтиэр баялаг бас нэг район ба маргаан үүсгэсэн Абьейг эзлэнэ гэж Жуба сүрдүүлсэн явдал Суданы байдлыг бүрмөсөн тогтворгүй болгож мэднэ.

Энэ нь Хятад, Энэтхэг, Малайзийн нефтийн компаниудад тулгарах шинэ сорилт хэмээн Александр Салицкий үзэж байгаагаа илэрхийлээд

«Нэлээд ноцтой зөрөлдөөн гаарч байна. Азийн компаниуд дэлхийн нефтийн зах зээлд аль хэдийнэ гарсан. Эдгээр компани олон тохиолдолд өрнөдийнхөөс илүү сайн ажиллаж байгаа нь илрэв. Суданд нефтийн шинэ шинэ орд газрыг олж эзэмшиж байна. Өрнөдийнхөн тэдгээрийг хяналтдаа авахыг санаархав. Энд гео эдийн засаг, гео улс төрийн ашиг сонирхол ноцтой харшалдаж байна» гэлээ.

Хятад улс байлдааны ажиллагаа эхлэхийн өмнө суданы бүх нефтийн бараг 70 хувийг худалдан авч байсан. Иймээс тус улс  Суданд гарсан хямралыг дипломат замаар зохицуулахыг хичээж байна. Гэвч хүчин чармайлт нь хүслүүштэй үр дүнд хүрээгүй. Хартумын эсрэг өрнөдийн далдуур улс төрийн тоглоом үүнд нөлөөлсэн бололтой. Одоо Хятад улс НҮБ-ын АЗ-ийн тусламжтайгаар Өмнөд Суданд нөлөө үзүүлэхийг АНУ ба түүний түншүүдээс шаардаж мэднэ. Гэвч тэдгээр  ийм арга хэмжээ авахгүй бололтой. Тэр тусмаа саяхан Өмнөд Суданыг гэнэт Олон улсын валютын сан ба Дэлхийн банкад элсүүллээ.