Сири улсад болж байгаа үйл явдлуудын талаархи Москвагийн байр суурь хүч хэрэглэх ба тус улсын хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллагааг зогсооход оршино гэж Холбооны зөвлөлийн олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Михаил Маргелов Орос улсад аялаж буй сирийн сөрөг улс төрчидтэй уулзах үеэрээ мэдэгдэв. Сирийн сөрөг хүчин  улс оронд нь гарсан хямралыг зохицуулахад Орос улсын гүйцэтгэж байгаа үүргийг өндөр үнэлээд Сирийн ирээдүйн тухай үндэсний яриа хэлэлцээний батлан даагч  болох санал түүнд  тавьжээ.

Москва Сири улсын төлөөлөгчидтэй үргэлж зөвлөлдэж байна. Сирийн ГХЯ-ны тэргүүн өнгөрсөн долоо хоногт Оросын нийслэлд айлчлав. Энэ долоо хоногт Башар Асадын дэглэмийг эсэргүүцэгчид ирсэн. Орос улс эдгээр уулзалт, зөвлөлгөөний явцад гал нэн даруй зогсоож, энхийн яриа хэлэлцээ хийж эхлэхийг шаардаж байна. Манай орон хэнийг ч өөгшүүлэхгүй байна гэж Холбооны зөвлөлийн олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Михаил Маргелов хэлээд

«Оросын сенатчид үндэстэн хоорондын зөвшил, үндэсний яриа хэлэлцээнд туслах ямар ч арга хэмжээг Сирид ажиглаж оролцоход бэлэн байна гэж бид удаа дараа өгүүлсэн. Сирийн ард түмэн л Сири улсад бидний ганц анд мөн. Сирийн ард түмэн л өөртөд нь тулгарсан асуудлуудыг шийдвэрлэж чадна хэмээн үзэж байна» гэв.

Энэ удаа манайд ирсэн төлөөлөгчид ардчилсан өөрчлөлтийн төлөө Үндэсний зохицуулах хороог төлөөлж байна. Өчигдөр тэд Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны дарга Алексей Пушков нартай уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон хүний эрхийг хамгаалагч Хайсам Маннаа Сири улсыг хямралт байдлаас гаргахад чиглэгдсэн москвагийн хүчин чармайлтыг өндөр үнэлээд

 «Хүч хэрэглэх ажиллагаагаа зогсооход сирийн дэглэмийг  итгүүлэхэд оросын засгийн газраас  нэн чухал үүрэг гүйцэтгэж мэднэ гэж үзэж байна. Үндэсний зохицуулах хороо ба Оросын засгийн газрын байр суурийг ойртуулах зарим  зүйлийг олсон. 1-рт Москва бид хоёр Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллагааг хүлцэхгүй байна. 2-рт Сири  улсад ардчилсан шинэтгэлийг эрчимжүүлэх хэрэгтэй» гэв.

Дэлхий дахин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байгаа үед сөрөг хүчний төлөөлөгчид Москвад ирлээ. Сирийн засгийн газраас  гал зогсоох, олон улсын ажиглагчдыг улс орондоо оруулах зэрэг тус төлөвлөгөөний гол заалтыг биелүүлж эхлэв. Нийт 250 ажиглагч Сири  улсад очих ёстой. Гэвч зарим нутагт мөргөлдөөн үргэлжилж байна.

Кофи Аннаны төлөвлөгөөг биелүүлэх нь зөвхөн Башар Асадын зорилт биш хэмээн шинжээчид үзэж байна. Сирийн эвлэршгүй сөрөг хүчнийг зэвсэглэж буй улс орон, байгууллагуудыг хэт даврагч бүлгүүдийн толгойлогчдод туслахаас татгалзахад НҮБ  итгүүлэх ёстой. Тэгвэл энхийн төлөвлөгөө үр  дүнд хүрнэ  гэж Дорно дахины судлалын хүрээлэнгийн Арабын судлалын төвийн шинжээч Борис Долгов хэлээд

«Хамгийн гол нь Сири улсад зэвэсэгт бүлэглэлүүдийг дарах төдийгүй гаднын хүчнээс тэдгээрийг санхүүжүүлэх ажиллагааг зогсоох хэрэгтэй. Хэт даврагчдыг Турк, Ливан улсуудаас шургуулан оруулж байна. Персийн булангийн хаант улсууд ба АНУ түүнчлэн өрнөдийн орнуудаас тэдэнд туслаж байгаа нь байдлыг тогтворгүй болгох гол хүчин зүйл болсон» гэв.

Ажиглагчид хянан шалгах цорын ганц зорилготой. Сирид улс төрийн яриа хэлэлцээг төлөвшүүлэхэд туслах нь дараачийн алхам билээ. Эдүгээ сөрөг хүчний эгнээ хагаран бутарч байна. Яриа хэлэлцээ хийхийг зарим байгууллага эрмэлзэж байхад өөр хэсэг нь өнөөгийн дэглэмийг түлхэн унагахыг л санаархсан юм. Мөргөлдөөнийг тэр даруй зохицуулах аргагүй. Өнөөгийн үйл явдал  маш хүнд түвэгтэй удаан үйл явцын зөвхөн эхлэл  болсон юм.