НҮБ-ын АЗ-өөс БНАСАУ-ын сансрын хөтөлбөрийг буруушаасан ч хиймэл дагуулаа дэлхий орчмын тойрог замд гаргах зорилгоор пуужин-сансрын технологиэ цаашид хөгжүүлнэ гэж Хойд Солонгос мэдэгдлээ. Өчигдөр БНАСАУ-ын Төв цахилгаан агентлагаас тараасан ГХЯ-ны төлөөлөгчийн мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. ГХЯ-ны төлөөлөгчийн хэлснээр бол НҮБ-ын АЗ-ийн тогтоол «хиймэл дагуулаа хөөргөх улс бүрийн эрхийг хөсөрдүүлж байна». Түүнчлэн Пхеньян АНУ-аас БНАСАУ-д хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсний хариуд  пуужингийн ба цөмийн туршилтаа азнах  2012 оны 2-р сарын 29-нд АНУ-тай тохиролцож авсан үүргээ биелүүлэхээс татгалзаж байна гэж тэрээр мэдээлэв. Пхеньянд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхээ больно гэж Хойд Солонгос пуужинг хөөргөсний дараа Вашингтон зарлав. Үүний өмнө НҮБ-ын АЗ-ийн дарга Сьюзен Райс  хойд солонгосын пуужингийн хөөрөлтийг эрс буруушаав. БНАСАУ цаг уурын судлалын хиймэл дагуул бүхий пуужингаа 4-р сарын 13-нд хөөргөв. Пуужин бараг хоёр минут агаарт байгаад Өмнөд Солонгосын эрэг хавийн нутгаас барагцаалбал 200 км зайтай далайд унажээ. Хөөрөлт азгүй болсныг Пхеньяны албан ёсны бүлгийнхэн хүлээв.