Приморийн хязгаарын нийслэл Владивосток хотыг монголын говь цөлийн элсээр буллаа. Саяхны өдрүүдэд тус хотын гудамж талбай, байшин барилга, машинуудыг шар тоосоор бүрхсэн байна. Элсний нарийн ширхэгтэй холилдсон бороо Владивостокт орсон бөгөөд өглөө гэхэд шар хүрэн өнгөтэй тоос бүх байшин барилгыг бүрхсэн байлаа.

Монголын элсэн цөлд хавар, намартаа болдог шороон шуурганаас болж Владивосток хот тоосоор бүрхэгддэг байна. Байгалын энэ үзэгдэл Приморийн хязгаарын оршин суугчдын хувьд жирийн үзэгдэл болсон гэж Газар зүйн номхон далайн хүрээлэнгийн геохимийн лабораторын эрхлэгч Владимир Шулькин ярьж байна: «Энэ бол байгалын үзэгдэл юм. Хятадын хойд тал болон Монгол улсын өмнөд хэсэгт байдаг элсэн цөлд хавар цас хайлсны дараа шороон шуурга болдог юм. Энэ тоосыг тээсэн агаарын урсгал Бээжингийн зүүн хэсгээр дамжин Солонгосыг дамжин Шар тэнгисийн зүг явж дараа нь манайд ирдэг юм. Заримдаа багахан хэсэг нь ирдэг учир бид тэр бүр мэдэрдэггүй. Харин Приморийн хязгаарын зүгт ширүүн салхи салхилвал тоос, шар борооны хэлбэрээр бидэнд хүрч ирдэг байна. Энэ нь жилд хоёр удаа нилээн хэдэн өдөр үргэлжилдэг» гэж тэр ярилаа.

Ийм маягаар Монгол улсаас ирсэн тоос оросын Алс Дорнодод хөрсний хүрэн шаврын дахарагыг бий болгосон байна. Ийм маягаар бол ирээдүйд Приморийн хязгаар хоёр дахь говь цөл болж мэднэ гэж зарим нэг сэтгүүлчид муу ёрлож байна. Улиралын салхины цаг агаартай, сэрүүхэн приморийн бүс нутаг шороон шуурганаас болж говь цөл болно гэдэг нь ямарч үндэслэлгүй юм гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тоостой бороо, шороон шуурга нь Монгол улсаас Приморийн хязгаар орж ирлээ ч гэсэн хүч нь маш суларсан байдаг юм. Монгол, Хятад улсуудад болж байгаа шороон шуургатай харьцуулах юм бол энэ нь юу ч биш. Ийм учраас энэ үзэгдэл Приморийн хязгаарын цаг агаарыг үндэсээр нь өөрчлөж чадахгүй гэж Бүс нутгийн цаг уурын удирдах газрын цаг уур судлаач Алексей Ртищев үзэж байна: «Говь цөлд зун нь хүчтэй шороон шуурга болдог гэхдээ Хятадын ургамалын хүчинд тэндээ үлддэг. Тоосон урсгал манай хязгаарыг бүхэлд нь бүрхэх тохиолдол байдаг, гэхдээ эргийн ойролцоо л мэдрэгддэг байна.Яагаад гэвэл приморийн хязгаарт эдгээр тоосыг тогтоох зүйл байна. Тоос чийглэг агаарын дусалтай болон манантай нэгддэг юм. Эндээс л шар, хүрэн тундас унадаг» гэж тэр ярилаа.

Эдгээр тундасаас болж замын харагдалт эрс буурах, машинаа байнга угаах зэрэг хүндрэлүүдийг Приморийн хязгаарын оршин суугчид амсаж байна. Энэ эвгүй байдал жилд хэдхэн өдөр л  тохиодог байна. Хэрвээ түүнээс зайлсхийх арга байдаг бол бүр сайн. Байгал дэлхийн муухай араншинтай амжилттай тэмцэж бас болно. Хятадын хойд нутгийн цас багатай нутагт шороон шуурга элбэг тохиолддог юм, одоогоос хорин жилийн өмнө хятадын нийслэл Бээжин болон бусад мужуудын оршин суугчид шороон шурганаас болж нүдээ нухаж явдаг байлаа. Харин хятадууд зүлэг ногоо тарих, ой моджуулах ажилд идэвхийлэн орсон байна. Тэд жижигхэн суулгац биш том моднуудыг тарьж эхэлсэн байна. Маш том хэсэг газартай нь модыг ухаж аван суулгах, салхинд унагахгүйн тулд газартай нь бэхлэж өгөх, өвөл нь хөлдөхөөс хамгаалж дулаалах зэрэг маш их ажлыг тэд хийсэн одоо ч хийсээр байна. Эдгээр их хөдөлмөрийн хүчинд зөвхөн Бээжин хот түүний дүүргээр зогсохгүй хятадын цөлийн нутгууд нов ногоон цэцэг навчаар бүрхэгдэж, баян бүрдүүд бий болсон байна.

Монгол улсад ногоон зүлэгтэй болох төсөл тэр тусмаа орос, монголын төсөл зөвхөн нийслэл хотодод л хэрэгжиж байна. Хэрвээ тус улс цөлийг зүлэгжүүлэх ажлыг идэвхи санаачлагатай хийх юм бол зөвхөн хөрш улсуудад төдийгүй Монгол улсад өөрт нь ашигтай юм. Ингэснээр экологийн байдал илт сайжирч, шинэ бэлчээр нутаг бий болж, хөдөө аж ахуйн шинэ шинэ боломжууд нээгдэх юм.