Талибууд “хаврын давшилтаа” эхэллээ. Ням гаригт Кабул дахь ерөнхийлөгчийн ордон, парламентын болон НҮБ-ын ажиглагчдын байшин, аюулгүй байдлыг хангах Олон улсын хүчний төв байр, АНУ, Их Британи, Герман, Япон улсуудын ЭСЯ-дыг талибууд дайрлаа. НАТО-г сөрөн зогсож байгаа талибуудын хамгийн зэрлэг хэрцгий ажиллагаа энэ байлаа.

Афганы арми болон НАТО-гийн хүчний хамгийн хүчирхэг хамгаалалтад байдаг Кабулын төв хэсгийг дайрсан байна. Ням гаригийн орой гэхэд зарим нэг хэвлэл мэдээлэлийн агентлагууд оросын ЭСЯ-ыг дайрсан гэж мэдээлж байсан юм. Гэхдээ энэ мэдээлэл батлагдаагүй байсан юм. Оросын дипломат төлөөлөгчийн газрыг дайраагүй гэж оросын элчин сайд Андрей Аветисян мэдэгдсэн юм. Харин британи, америк, германын ЭСЯ-д хэдэн цаг эсэргүүцэл үзүүлсэн байна.

Кабулд болсон явдал талибуудын боломж нэмэгдэж байгааг харуулж байна гэж ОШУА-ийн Олон улсын эдийн засаг, олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын аюулгүй байдлын төвийн шинжээч Петр Топычканов үзэж байна: «Аюулгүй байдлын хариуцлагыг Афганистанд эвслийн хүчнээс орон нутгийн хүчинд шилжүүлж байгаагаас болж шинэ боломжууд бий болж байгаа юм. Гадаадын цэргүүдийн үндсэн хүч буцах цаг ойртсон гэдгийг талибууд мэдэрч байна. Ийм учраас тэд өөрийн шахалтыг нэмэгдүүлж байна. Кабултай эвлэрэх, зохицуулах хэлэлцээр хийх зэрэг асуудлыг тэд сонирхохгүй байна. Ер нь цаашид тэдний дайралт улам л нэмэгдэх байх» гэж тэр ярилаа.

Афганистан дахь гадаадын цэргийн оролцоог эсэргүүцэх “эсэргүүцлийн хаврыг” ням гаригт “Хакканийн сүлжээ” гэгч нээлээ. Энэ байгууллага бол афганын талибуудын зохион байгуулалттай томоохон бүлэглэл юм. Афганистанаас 2014 онд НАТО-гийн цэргийг гаргасны дараа улс төрийн үйл явцад үндсэн үүрэг гүйцэтгэх байгууллага бол яг энэ “Хаккани” гэж шинжээчид үзэж байгаа юм.Талибаны командлагчид засгийн эрхийг буцааж гартаа авах ёстой гэж улс төр судлаач Юрий Крупнов үзэж байна: «Дэлбэрэлтэд нэг их гайхаад байх юм байхгүй. НАТО-гийнхан байнга яриад байгаа тэр тогтвортой байдал Афганистан улсад байхгүй, байгаа ч үгүй. АНУ талибаны дэглэмийг түлхэн унагаагаад 10 жил боллоо, асар олон хүнийг төр засгаас зайлуулсан. Мэдээж хэрэг тэд төрийн эрхэнд дахин гаргахыг бодож л байгаа шүү дээ» гэж тэр ярилаа.

Ням гаригт талибууд Афганистаны олон мужуудад засаг захиргааны байшин болон цагдаагийн төв байрнууд, НАТО-гийн нисэх хүчний баазуудыг дайрлаа. Ширүүн цохилтыг тэсвэрлэж чадаагүй орон нутгийн аюулгүй байдлын хүчнийхэн арга буюу олон улсын хүчнээс тусламж гуйсан байна. Энэ байдал нь гадаадын цэргийг гарсны дараа афганы арми бие даан талибуудыг эсэргүүцэж чадна гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Ингэж гутрангүй үзэлтнүүдийн таамаг биелэгдэж тус улсыг эмх замбараагүй байдал хүлээж байна.