0Сири улсын хямралыг зохицуулах тухай НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих НҮБ-ын ажиглагчдын эхний бүлэг өнөөдөр ажлаа эхэллээ. Зургаан хүний бүрэлдхүүнтэй НҮБ-ын ажиглагчдын эхний бүлэг өчигдөр Дамаскт хүрэлцэн ирлээ гэж телевиз, радиогийн Би-би-си компани мэдээлсэн юм. Сири улсад ажиглагчид явуулах тухай тогтоолыг өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын АЗ сайшаасан ба тус улсын төр засаг зөвшөөрсөн юм. НҮБ-ын АЗ-ийн тогтоолын дагуу Сири улсад 30 хүн очих ёстой бөгөөд Аннан ирээдүйд ажиглагчдын тоог 200-д хүргэх бодолтой байна. Яг одоогийн байдлаар сөрөг хүчний “Сирийн чөлөөт арми” гэгчийн зэвсэгт бүлэглэл болон ерөнхийлөгч Башар Асадын цэргүүдийн хооронд эвлэрэл тогтоод байгаа боловч мөргөлдөөн болж байгаа тухай мэдээ ирсээр байна. Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн Сири улсад жил гаруй үргэлжилж байна. Энэ мөргөлдөөнөөс болж 9000 гаруй хүн амь насаа алдаад байна гэж НҮБ мэдээлж байна.