Иран улсын төлөөлөгчид болон олон улсын зуучлагчдын “зургаагийн” бүлгийн хооронд тус улсын цөмийн асуудлаар Стамбулд хийсэн хэлэлцээр шинэ уулзалт хийх тохиролцоогоор өндөрлөлөө. АНУ, Их Британи, Герман, Хятад, Орос, Франц улсуудын төлөөлөгчид харилцан ярилцлагын явцад сэтгэл хангалуун байна. Багдадад 5-р сарын 23-нд болох шинэ уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг тохиролцсон байна.

Харилцан ярилцлагад дэвшил гарсан тухай ираны төлөөлөгчдийн тэргүүн Саид Жалили мэдэгдсэн байна. Сайн санааны үүднээс хандсан “зургаагийн” оролцогчидод тэрээр талархал илэрхийлээд, талууд янз бүрийн саналтай үлдсэн ч гэлээ хэд хэдэн чухал асуудлаар зөвшилцөлд хүрч чадлаа, харин шинэ уулзалт харилцан итгэлцлэлийг сэргээхэд чиглэгдсэн гэж тэр хэлсэн байна. Харилцан итгэлцлэл байхгүй байсан учраас бүрэн хэмжээний яриа хэлэлцээ хийж чадахгүй байсан юм.

 “Ираны цөмийн асуудлыг цогцоор шийдэхэд хүргэх тодорхой алхамууд хийх бөгөөд ингэснээр түүнийг зөвхөн энхийн зориулалттай гэдэгт итгэх итгэлийг сэргээх боломжийг тавьж өгнө гэж” Багдадад хүлээж байна гэж ЕХ-ны дипломатчдын тэргүүн Кэтрин Эштон Стамбулд хэлсэн байна. Өнгөрсөн уулзалтын нэгэн уур амьсгалаас харахад өөдрөг сэтгэлтэй байх учир шалтгаан байна. ОУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Сергей Рябков энэ уулзалтыг ажил хэрэгч, үр бүтээлтэй гэж нэрлэсэн байна. Оролцогчдын нийтлэг санал бодлоор ноднин жилийн 1-р сард  Стамбулд болсон уулзалтаас энэ удаагийн уулзалт эрс ялгаатай байлаа. Тегеран ямарч урьдчилсан нөхцөл тавиагүй, бүх асуудлыг нээлттэй хэлэлцэх сонирхолтой байгаагаа харуулсан явдал ийм тааламжтай уур амьсгалыг бий болгосон юм. Энэ удаагийн уулзалтаар байр сууриа ойртуулахыг оролдсон ба ямарч онцгой амжилт гаргахыг бодоогүй гэж Нийгэм улс төрийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев үзэж байна: «Хэрвээ Иран улс уран баяжуулах ажлаа зогсоох талаар алхам хийсэн бол онцгой амжилт гарах байлаа. Баяжуулах ажлыг хоёр обьект дээр хийж байгаа юм. Иран улсын удирдлагууд ийм алхам хийхэд одоохондоо бэлэн бус байна гэж би ойлгож байна» гэж тэр ярилаа.

Ураныг 3,5-аас 20% хүртэл баяжуулж байгаад л дэлхийн хамтын нийгэмлэг санаа зовоод байгаа юм.  Учир нь ийм уранаар л  атомын бөмбөгийн түүхий эдийг хэдхэн долоо хоногийн дотор хийж болох юм. Эмнэлэгийн зориулалттай изотоп үйлдвэрлэдэг Тегераны судалгааны реакторт л энхийн зорилгоор уран хэрэгтэй байгаа гэж Жалили батлан хэлсэн байна. Дараагийн уулзалт дээр, судалгааны реакторт зориулан баяжуулсан ураны багахан хэсгийг үлдээгээд үлдсэн хэсгийг ялимгүй баяжуулсан уран болгон хувиргах ба центрфугийнхээ тоог цөөрүүлэх саналуудыг тавих байх гэж барууны ОНХМХ-үүд таамаглаж байна. Центрфугийнхээ тоог цөөрүүлэх асуудлыг Тегеран эсэргүүцэх байх гэж Владимир Евсеев үзэж байна.

Харилцан буулт хийх боломжийг нээж өгөх 20%-иар баяжуулсан ураны талаар хэд хэдэн угтан тоссон санал ираны тал байгаа гэж ОДХ радио өөрийн мэдээлэлээс иш татан мэдээлж байна. Тэгэхдээ Тегеран том буулт хийгүй гэж дорно дахины судлаач Елена Мелкумян үзэж байна: «Хэлэлцээрийг үргэлжлүүлэх, МАГАТЭ-гийн шалгалтыг сэргээх зэрэг буултуудыг хийж магадгүй. Мэдээж хэрэг Тегеран цөмийн хөтөлбөрөө зогсоолоо гэж зарлахгүй. Энэ хөтөлбөрийг тус улсын бүх улс төрийн хүчнүүд дэмжиж байгаа учраас иранд ийм буулт хийх нь маш төвөгтэй юм. Харин Баруунтай сөргөлдөх нь сүүлийн үед болсон шиг тийм ч хурцадмал болохгүй байж мэдэх юм» гэж тэр ярилаа.

Стамбулын уулзалт мухардмал байдалд ороогүй гэдэг нь л маш чухал юм. Хэрвээ энэ уулзалт тасалдсан бол АНУ, Израиль улс хоёрт Ираны эсрэг дайн эхлэх сайхан шалтаг болох байсан юм. “Зургаагийнхан” одоо зохих үр дүнд хүрэхийн төлөө тэмцэх болно гэсэн дохиог Иран улсад өглөө. Ерөнхийдөө мэдэгдэж байсан байр сууриа ойртуулах анхны оролдлого бүтэмжтэй боллоо гэж үзэж болно.