Өвөр Байгалийн өмнөд хэсэгт  оршдог «Даурский» хэмээх олон улсын шим мандлын дархан цаазат газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн цэст багтааж болзошгүй. Даурийн талыг дэлхийн шувууны судлалын  төв хэмээн нэрлэж болно. Энд 135 төрлийн шувуу үүрлэж байгаа хийгээд 25 төрөл нь олон улсын хамгаалалд байна.

1994 онд «Даурский» хэмээх дархан цаазат газар хятадын «Далай- нуур», монголын «Монгол Дагуур» дархан цаазат газруудтай хамтран олон улсын бараг хоёр сая га бүхий талбайтай «Даурия» хамгаалалттай газрыг байгуулжээ. Эдүгээ дээрх гурван улсын мэргэжилтнүүд Даурийн тал нутгийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн цэст багтаах баримт бичгүүдийг бэлтгэж байна. Байгаль орчны хамгаалалтын дээд статустай болсон учир санхүүжүүлэлт нь нэмэгдэх явдал хосгүй тал нутгийг хадгалахад тус  дөхөм үзүүлнэ гэж «Даурский» дархан цаазат газрын экологийн гэгээрлийн асуудал эрхлэсэн дэд захирал Татьяна Бородина «Оросын дуу хоолой» радиод өгүүлээд

«Манай гариг дэлхийн  тал нутгийн 99 хувь нь хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бүсийн эрхтэй болсон. Манай дархан цаазат газар тал улмаар талын ан амьтан, ургамлыг хамгаалж байна. Баруун Тоорой нуур дархан цаазат газрын талбайн үлэмж хэсгийг эзлэдэг.Энэ нуурын арлуудад маш ховор төрлийн шувууд үүрлэж байна. Олонхи нь олон улсын Улаан номд бүртгэгдсэн»  гэлээ.

Цагаан, хар, бор болон японы, даурийн ба красавка хэмээх  зургаан төрлийн тогоруу Даурийн дархан цаазат газарт байдаг. Эдгээр тогоруу дэлхийн өөр газарт алга. Зуны шувтаргаар ер бусын гоё олон мянган шувуу Баруун Тоорой нуурын дэргэд цуглардаг. Энэ нуур бол одоогоос 100 сая жилийн тэртээ Өвөр Байгалд байсан эртний нуурын үлдэгдэл гэж эрдэмтэд үзэж байна. Тэнгэсийн шүрийн үлдэгдлийг нуурын эрэг дээр өнөө болтол олж байна. Баруун Тоорой  нуур дунджаар 30 жилд нэг удаа дүүрэх эсвэл ус нь татарч хатах онцологтой. Үерлэх үеэрээ бараг 550 ам км талбайтай болдог.

Даурийн тал бол цагаан зээр суурьшсан оросын ганц нутаг гэж Татьяна Бородина хэлээд «Манай дархан цаазат газрын мэргэжилтнүүд энэ амьтныг сэргээж өсгөх зорилгоор багагүй хүчин чармайлт гаргасан. Дархан цаазат газар маань одоогоос 25 жилийн өмнө байгуулагдсан үед цагаан зээр Оросын нутаг дэвсгэрт бараг байхгүй байсан. Амьтан сөнөх даваанд хүрсэн билээ. Одоо манайд 3500 гаруй цагаан зээр байна» гэв.

Чулуун Адуу хэмээх сонин хэлбэртэй боролжин хад бүхий  нутаг  дархан цаазат газарт багтав. Энд угалз суурьшсан юм. 1772 онд нэрд гарсан газар зүйч, жуулчин Паллас чухам энд түүнийг анх харсан билээ. Чулуугаар хийсэн сүм хамгийн өндөр уулан дээр байгаа. Өвөр Байгалд байгалийн объектийг шүтэх бөөгийн  уламжлалыг хожим буддын шашинтнууд өвлөсэн аж. Урьд үзэгдээгүй олон төрлийн өвс ногоо аялагчдыг бишрүүлж байна. Шашны барилга байгууламж Чулуун Адууны гадрагад гоц нийцсэнийг тэд онцлон тэмдэглэж байна.