Өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 6 цагт Сири улсад НҮБ-ын ба Арабын улсуудын холбооны Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөний дагуу гал зогсоох дэглэм тогтов. «Зэвсэгт сөрөг хүчин» гэгчийн эсрэг цэргийн бүх ажиллагааг зогсооно гэж өчигдөр Сирийн засгийн газар амлав. Үүний хамт Дамаск террорын ямар ч шинэ дайралтыг хүч хэрэглэн няцаах юм. Дамаск гал зогсоовол бид бас мүн дэглэмийг даган мөрдөнө гэж сөрөг хүчний төлөөлөгчид мэдэгджээ. Өнөөдөр өглөөний 6 цагаас хойш Сирид засгийн газрын цэрэг ба сөрөг хүчин цуст ажиллагаа явуулаагүйг «Интерфакс» агентлаг сирийн сөрөг бүлгүүдийн мэдээг үндэслэн уламжлав. Аннаны төлөвлөгөө амжилттай болно гэдэгт Москва найдаж байна. Гэвч өдөөн хатгах ажиллагаанаас сэрэмжлэхийн тулд ажиглагчдыг Сири улс руу аль болох түргэн явуулахын төлөө байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Вашингтонд мэдэгдлээ.Өчигдөр тэрээр олон улсын ажиглагчдыг Сири улс руу явуулах шийдвэр нэн даруй гаргах хүсэлт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд тавьсан билээ. «Өдөөн хатгалга дэгдээж болзошгүй. Иймээс Сири улсад ажиглагчид байх нь зайлшгүй чухал» гэж Лавров хэлжээ.

     Гэвч Сирийн эрх баригчид гал зогсоох үүргээ биелүүлэхгүй байна гэж өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Германы канцлер Ангела Меркель нар санал нэгтэй үзэж байгаагаа илэрхийлэв. НҮБ-ын АЗ-өөс Сири улсын талаар илүү шийдвэртэй үйл ажиллагаа явуулах нь зайлшгүй чухал хэмээн тэд утсаар ярилцахдаа үзсэн гэж Цагаан ордны мэдээлэлд өгүүлжээ.