НҮБ болон Арабын орнуудын лигийн тусгай төлөөөлөгч Кофи Аннан өөрийн энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж оролдож байгаа Сири улсыг дэлхий дахин анхааралтай ажиглаж байна. Мөргөлдөж байгаа талууд эвлэрэх нөхцөл байдлыг хүлээж авах эсэх нь маргааш мягмар гаригт тодорхой болно. Энэ зохицуулалтад ОУ идэвхитэй зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Москвад 4-р сарын 10-нд Сири улсын ГХЯ-ны сайд Валид Муаллем хэлэлцээр хийнэ. Харин долоо хоногийн дараа энд Дамаскын сирийн сөрөг хүчний төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм.

Кофи Аннанаас юу хүлээж болох вэ? ОУ ямар зорилго баримтлаж байна вэ? “Оросын дуу хоолой” радиогийн шинжээч Елена Супонинагийн  авсан жич ярилцлагад ГХЯ-ны сайд асан, академч Евгений Примаков ингэж хариулсан байна.

Асуулт:Кофи Анннаны томилогоо амжилтанд хүрнэ гэдэгт ихэнх хүмүүс эргэлзэж байсан. Мэдээж хэрэг хүндрэлтэй асуудалтай тулгарч байсан ч гэлээ тэрээр зарим нэг зүйлийг хийж чадсан. Жишээ нь, зохицуулах төлөвлөгөө боловсруулж, түүнийг мөрдөхийг сирийн засгийн газраар зөвшөөрүүлж чадсан зэрэг ажлууд байна. Та Аннанд итгэж байсан уу?

Е.Примаков: « Би Кофи Аннаныг аль эртнээс мэднэ. Кофи Аннан бол маш ухаантай, ноён нуруутай хүн. АНУ болон европын улсууд дэмжиж байгаа нэг талыг тэр баримтлахгүй. Тэрээр нөхцөл байдалд бодитойгоор хандана гэдэгт би итгэлтэй байна. Сири улсын хувьд гэх юм бол хоёр талаас гал зогсоох нөхцлийг бүрдүүлэх нь зайлшгүй чухал юм. Зөвхөн засгийн газрыг буруутгаж түүнээс нэг талын үйл ажиллагаа шаардаж, тэгсэн хирнээ далдуур сөрөг хүчнийг өөгшүүлж, зэвсэг нийлүүлж болохгүй шүү дээ. Кофи Аннан ийм чиг шугамыг баримтлахгүй гэдгийг би шууд л ойлгосон. Тэр үнэхээр Орос, Хятад улсууд болон бусад олон улсуудын сайшаасан тийм төлөвлөгөөг санал болгосон юм. Одоо энэ төлөвлөгөөг яаж хэрэгжүүлэх вэ? гэдэг л чухал байна. Хоёр тал галыг нэн даруй зогсоох нь хамгийн гол нөхцөл байгаа шүү дээ».

Асуулт: Сирийн засгийн газар үүнийг бараг зөвшөөрөөд байгаа шүү дээ?

Е.Примаков: «Тиймээ, сирийн засгийн газар үүнийг зөвшөөрөөд зогсоогүй тодорхой хугацаа хүртэл тавиад байгаа шүү дээ. Та өөрөө санаж байгаа байх, саяхан “Сирийн анд нөхөд”-үүд цуглараад сирийн сөрөг хүчнийг зэвсэглэх тухай хэлэлцэж байсан шүү дээ. Ийм уулзалт болсны дараа засгийн газар цэрэг техникээ хотоос гаргасны дараа сөрөг хүчнийхэн тэдэн рүү дайрахгүй гэсэн баталгаа байна уу? Энэ ажиллагааг зөвхөн Сири улсын засгийн газартай бус сөрөг хүчнийхэнтэй бас явуулах ёстой юм. Бид болоод хятадууд яг ийм ажлыг л засгийн газартай явуулж байгаа юм. Харин иймэрхүү ажлыг сөрөг хүчинтэй хийж байгаа юм хараглдахгүй л юм байна. Харин тэр “анд нөхдүүд” гээд байгаа улсууд сөрөг хүчнийг өөгшүүлж бүр зэвсэглэж байх шиг л байна даа».

Асуулт: Тэгэхлээр Сири улс дахь Асадыг дэглэмийг түлхэн унагах нь Барууныхны зорилго гэж үзэж болох уу?

Е.Примаков: «Барууныхан Асадын дэглэмийг түлхэн унагаахыг ихэд хүсэж байгаа. Бас Катар, Саудын Арав зэрэг арабын улсууд дэглэмийг унагаахыг сонирхож байгаа юм. Тэд “шиитийн бүс” гэгчийг бий болгохгүй байж түүнээс Сири улсыг гаргахыг хүсэж байгаа юм. “Шиитийн бүс” гэдэгт би, хүн амын ихэнх нь шиит лалууд Иран, Ирак улсууд, мөн Сири улсад их ойр байдаг шиитүүдийн байр суурь нилээд хүчтэй Ливан улсыг багтааж байгаа юм. Шиитийн цөөнхүүд амьдардаг Персийн булангийн арабын орнууд үүнээс ихэд айж байгаа юм».

Асуулт: Сири улсад иргэний дайн болох магадлал хэр байна гэж та үзэж байна вэ?

Е.Примаков: «Иргэний дайн бараг эхлээд байна даа. Хэрвээ зөвшилцөж чадахгүй бол улам л гаарах байх. Энэ дайн нь шиитүүдтэй төсөөтэй шашинтай алавит болон суннитуудын хооронд шашин хоорондын дайн болж хувирах байх. Хэрвээ ийм байдалд хүрвэл энэ нь цус урсгасан дайн болно».

Асуулт: Өөрөөр хэлвэл ираныг сулруулах давхар зорилго байгаа бололтой. Ираны дэглэмийг солих бэлтгэл ажил ч гэж хэлж болох бол уу?

Е.Примаков: «Ямар нэг байдлаар энэ нь тийм юм. Маш ойлгомжтой учир шалтгаанаар Дамаск, Тегеранд ойртсон юм. Сиричүүд Израильтай нүүр нүүрээрээ халз тулан үлдэхээс айж байсан юм. Тэдэнд найдвартай ар тал хэрэгтэй байсан. Иран улс сирүүдийн хувьд тэр ар тал нь болж чадсан юм».

Асуулт:Дараа долоо хоногт Москвад сирийн сөрөг хүчний төлөөлөгчид хүрэлцэн ирэх гэж байна. Энэ удаа Дамаскын сөрөг хүчнийхэн ирэх юм байна. ОУ-д сөрөг хүчнийхэнтэй харьцах хэрэг байгаа юм уу?

Е.Примаков: «Заавал шаарлагатай. Бид ямар нэгэн хувиа хичээсэн зорилгогүй, Сири улсад л энх тайван тогтоож, аль ч талаас хүч хэрэглэхгүй байхыг хүсэж байгаа гэдгийг бүхэнд харуулах ёстой юмаа» гэж академикч Евгений Примаков төгсгөлд нь онцлон тэмдэглэлээ.