Одоогоос 9 жилийн өмнө АНУ, Их Британийн цэргүүд Ирак улсад жадны үзүүрээр ардчилалыг авч ирсэн билээ. Энэ өдөр эвслийн хүчний танкууд Багдад хүч түрэн орж ирэн хөхөн хөөрсөн олон түмэнд Саддам Хусейний хөшөөг нураахад тусалсан билээ.

Үй олноор хөнөөх зэвсэг эрэх нэрийдлээр тус улсад НҮБ-ын мандатгүйгээр түрэмгийлэн орсон эвслийн арми Саддам Хусейний дэглэмийг түлхэн унагаах зорилготой байсан юм. Үйл олноор хөнөөх зэвсгийг олж чадаагүй юм. Америкчууд дарангуйлагчийг барьж авсан юм. Түүний амь насанд халдахыг оролдсны дараа шиитийн тосгоны 148 оршин суугчийг хэрцгийгээр алсан хэргийг Саддам Хусейнд гадаадын цэргийнхний даралт шахалт дор тулгаж шүүсэн юм. Дараа нь Хусейнийг дүүжилсэн билээ.

Жадны үзүүр дээр Иракт авч ирсэн ардчилал иракын гэр бүл болгоныг хүнд хэцүү байдалд оруулсан гэдэгт Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский итгэлтэй байна.

«Албан ёсны мэдээгээр хэдэн зуун мянган хүн амь насаа алдаад байна. Бүс нутгийн хүний эрхийг хамгаалагчдын албан бус мэдээгээр сая гаруй хүн амь насаа алджээ. Дүрвэгсэдийн тоо 5,5 саяас даваад байна. Тэднээс хоёр сая шахуу нь Сири улсад, нэг сая орчим нь Иордан улсад дүрвээд байна. НҮБ-аас албан ёсны дүрвэгсэд гэсэн статус аваагүй учраас тэд ямарч хамгаалалтгүй гэсэн үг» гэж Евгений Сатановский ярилаа.

Саддам Хусейний ойрын хүмүүс нь христос шашинтнууд байсан юм. АНУ, Их Британийн цэргүүд Ирак улсад христийн  шашинтнуудын нэгдлийг устгах боломжийг тавьж өгсөн байна. Тегераны дэмжиж байгаа шиитүүд нь хэт даврах үзэлтнүүдээр дүүрээд байна. Тэд нь Вашингтоны эвлэршгүй дайснууд юм. Харин суннитуудын бүс нутгийг америкийн цэргүүдээс гадна Иракийн арми, цагдаагийнхан дээрэмдээд дуусгасан. Тухайн үедээ дарлагдаж байсан курдууд тус улсын хойд нутагт бараг тусгаар тогтносон шаантаг нутгийг бий болгож тэндээс арабуудыг хүчээр хөөн гаргаж байна.

Америкчууд Саддам Хусейнд муу юм хийсэн, харин иракын ард түмэнд бүр муугийн муу адгийн муу бүхнийг хийсэн гэж Улс төрийн болон цэргийн шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал Александр Храмчихин тэмдэглээд

«Одоохондоо Иракт иргэний дайн гараагүй байна гэхдээ хэзээч гархад бэлэн байна. Тус улс өөрийн инерцээрээ л явж байх шиг байна. Курдистан тусгаар болсон нь тодорхой, суннит, шиитүүдийн хооронд байдал маш түгшүүртэй хэвээрээ л байна»  гэлээ.

Иракийн дэглмийг хүчээр түлхэн унагасан нь Ойрхи Дорнод болон Хойд Африкт болсон “арабын хаврын” угтвар нөхцөл нь болсон юм. Энэ нь бүх газар нутагт дарангуйлагчдын дэглэмийг түлхэн унагаах хөдөлгөөн маягаар эхэлсэн юм. Түлхэн унагаагдсан Бен Али Тунисээс зугтаалаа. Эмнэлэгийн орноос босч чадахгүй байгаа Хосни Мубаракыг шүүж байна. Йеменийн ерөнхийлөгч Али Абдалла Салехыг засгийн эрхээс зайлууллаа. Ливи улсад Муаммар Каддафийн амь насыг хороолоо. Төрийн эрхэнд нэг бус арван жил байсан эдгээр дарангуйлагчдыг түлхэн унагаасан геополитикийн үр дүн нь Ирактай нэгэн адил гунигт түүхтэй юм. Стратегийн үнэлгээ, шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденько хэлэхдээ

«Ижил төсөөтэй эдгээр дэглэмүүдийг түлхэн унагаасны дараа Ойрхи Дорнод болон Хойд Афирикт тогтвортой байдалд ч ардчилал ч бий болсонгүй. Энэ нь ил тод байна. Тус бүс нутагт лалын хэт даврагчид хүчээ нэмэгдүүлсэн нь л гол үр дүн болж байх шив дээ. Хэрвээ төрийн эрхэнд лалын хэт даврагсад гарах юм бол байдал бүр муудна. Аядуу үзэлтэй лалууд ч төрийн эрхэнд гараад сайн юманд хүргэхгүй. Энэ бүс нутаг харамсалтай нь эмх замбараагүй, тогтворгүй байдал руу гулсан орж байна даа!» гэв.