Израиль, Иордан улсуудад египетийн хийг дамжуулдаг хоолойн Египет улс дахь хэсэгт өнөөдөр дахин дэлбэрэлт боллоо гэж орон нутгийн захиргаа мэдээлсэн байна. Энэ дэлбэрэлт Синайн хойгийн хойд хэсэгт оршдог Аль-Ариш хотын ойролцоо болсон ба 2011 он гарснаас хойш буюу ерөнхийлөгч Хосни Мубаракын эсрэг бослого гарснаас хойш14 дэх удаагийнх нь боллоо. Нүүрэндээ масктай үл мэдэгдэх хүмүүс хоёр машинтай ирж хоолойг өрөмдөж нүх гарган бөмбөг хийгээд явсан гэж нүдээр үзсэн хүмүүс ярьсан байна. Үүний дараа шууд дэлбэрэлт болжээ. Хийн хоолойн энэ хэсгийг 2012 оны 3-р сарын 5-наас  хаасан боловч бараг л сар бүр дэлбэрэлт болсоор байна.