БНАСАУ хиймэл дагуул хөөргөх гэж байгаагийн хариуд Япон улс Токиод ПДХ системээ бэлэн байдалд орууллаа гэж орон нутгийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Пхеньянд АНУ хүнсний тусламж үзүүлэхээ зогсоосны дараа БНАСАУ дөрөвдүгээр сарын дундуур хиймэл дагуул хөөргөх санаатай байгаа гэдгээ зарласан юм. Өнгөрсөн ням гаригт бүс нутгийн том гүрэн улсууд Өмнөд Солонгос, Япон, Хятад улсуудын ГХЯ-дын тэргүүнүүд БНХАУ-д уулзаж БНАСАУ-ын пуужин хөөргөх гэж байгаа асуудлыг хэлэлцсэн байна. Бүс нутгийн бүх улсууд Зүүн хойд Азид урт хугацааны энх тайван байдлыг хангаж, Солоносын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бий болгохыг сонирхож байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ян Зечи уулзалт дээр мэдэгдсэн байна. Хятад улс бол БНАСАУ-тай харилцааг зохицуулахад гол зуучлагч, Пхеньяний гол холбоотон нь юм. БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулж 4-р сарын 12-16-ны хооронд үе шаттайгаар дэлхийн хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаагаа 3-р сард тус улс зарласан юм. Үнэн чанартаа Пхеньян алсын тусгалтай баллистик пуужин турших ээлжит ажлаа хийх гэж байна гэж барууны шинжээчид сэжиглэж байгаа юм. Сансарт хиймэл дагуул гаргах гэж байгаа БНАСАУ-ын төлөвлөгөөг АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд эрс эсэргүүцэж байгаа юм.