ОУ-ын Бүс нутгийн хөгжлийн яамны мэдээлж байгаагаар 2011-2013 оны хооронд 200 сая хавтгай дөрвөлжин метр орон сууц тус улсад барихаар төлөвлөөд байна. Хэрэглээний хэмжээг тооцон үзэх юм бол энэ нь тийм ч их тоо биш юм. Энэ байдлыг Хятад улс дахь түншүүдтэйгээ хамтран ажилсны хүчээр засаж болно гэж ОУ-ын барилгачдын холбооны удирдагч Николай Кошман үзэж байна: «Хятад улсад барилгын материал, туйпууны болон цементийн үйлдвэр зэрэг аж үйлдвэрийн бүхэл бүтэн салбарууд байна. Хятадынх гэхээр муу гэсэн ойлголт байсаар байна. Одоо 90-ээд он биш шүү дээ энэ бүхнийг мартах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Одоо хятадад барилгыг маш чанартай барьж байна. Хэрвээ үүнийг ашиглахгүй бол нүгэл болно биз дээ. Хятадын компаниудтай хамтран барьсан туйпууны нэг, цементний хоёр үйлдвэр ОУ-д ашиглалтанд ороод байна. Одоо хэд хэдэн үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болоод байна» гэж тэр ярилаа.

Орос улс ДХБ-д элссэний дараа саад тотгорууд нь бүрэн арилах хятадын компаниуд оросын орон сууцны зах зээлийг үндсээр нь өөрчилнө гэж Кошман үзэж байна. Жишээ нь нэг хоёр давхар байшингууд байна. Хятадад коттеж хэлбэрийн байшингуудыг угсарч барьдаг юм. Ийм байшингууд ойролцоогоор 300 хавтгай дөрвөлжин талбайтай байна. Энэ байшингуудыг 3-4 долоо хоногийн дотор бүрэн барьж ашиглалтад өгдөг юм. Хятадууд ОУ-д барьж өгөх гэж байгаа орчин үеийн коттежийн 1 хавтгай дөрвөлжин метрийн өөрийн өртөг нь 250-хан доллар юм.

Тэгэхдээ бүх зүйл тийм ч амар биш ээ. Байшин барих болон төсөл хийх зэрэг явц нь маш олон хүнд суртлын шат дамжлага дамждаг ОУ-д хятадын барилгачдын ажлын эрчимтэй хурд “дороо хий эргэж” мэднэ гэж олон шинжээчид үзэж байна. Засаг захиргааны зөвшөөрөл авах, баримт бичгийг баталгаажуулах зэрэгт цаг хугацааны ихэнх нь зарцуулагдах болно. Газар олох, зам болон дэд бүтцийг барихад хэд хэдэн жил орж мэднэ. Үүнээс болж барилгын явцын үнэ эрс нэмэгдэх болно.

Хятадын угсардаг коттежууд оросын цаг уурт болон ахуйд хэрхэн тохирох вэ гэдэг нь өөр нэг чухал асуудал юм. Оросын өвөл бол Хятад улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсгээс илүү хатуу ширүүн юм. ОУ-ын ихэнх бүс нутагт бетон болон туйпуугаар барьсан бат бэх байшингууд илүү тохиромжтой байдаг.

Гэхдээ ОУ ДХБ-д элссэнээр оросын орон сууцны зах зээл эрс өөрчлөгдөх юм. ОУ-д гадаадын компаниуд орж ирнэ. Өрсөлдөөн эрс нэмэгдэх бөгөөд үр ашиггүй компаниуд зах зээлээс шууд шахагдана. Оросын бодит байдлыг сайн мэддэг, хямд төсөр үнэтэй чанартай барилга санал болгож чадах өрсөлдөх чадвартай компаниуд л зах зээл дээр үлдэх болно.