АНУ-ын ПДХ системийг Персийн булангийн улсуудад байрлуулж байгаа нь Иранд  магадгүй цэргийн цохилт өгөхийг гэрчлэн харуулж байна гэж ОХУ-ын Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Алексей Пушков парламентад «Дугуй ширээний уулзалтын» явцад мэдэгдлээ. Тегераны эргэн тойрны байдлыг цэргийн арга замаар зохицуулахыг оролдож болзошгүй хэмээн тэрээр үзэж байна. Олонхи зүйл ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийх хэлэлцээний үр дүнгээс шалтгаална  гэж Оросын парламентын гишүүн тэмдэглэв.

АНУ ба Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Арави, Арабын нэгдсэн Эмирт улс зэрэг Персийн булангийн зургаан улс хамтран ПДХ нэгдсэн системийг байгуулах тухай саяхан мэдээллээ. Ираны пуужингийн цохилтоос өөрсдийгөө хамгаалахын тулд байгуулна гэжээ. Ийм төлөвлөгөө бүс нутгийн байдлыг даамжруулж байна гэж Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Алексей Пушков хэлээд

«Энэ арга хэмжээ дээрх долоон улсын бодлогыг илрүүлэн харуулж байна. Тегеран зөвхөн хэн нэгний цохилтын хариуд цохилт өгч мэднэ. Ираныг европын барилга байгууламжуудыг дайрах гэж байгаа солиотой улс мэтээр харуулж байгаа нь гайхал төрүүллээ. Тэгэхгүй гэж үү? хэмээн америкийн талаас асууж байна. Тэгвэл пуужинтай улс бүрийг л пуужингаар цохилт өгч болзошгүй гэж сэжиглэж болно» гэв.

 Ираны цөмийн хөтөлбөр 2012 оны гол асуудал болох байх. Бүр сирийн хямралаас илүү ээдрээтэй болж мэднэ гэж Алексей Пушков тэмдэглэн хэлээд «2012 он шинэ дайны жил болох эсэх нь Орос улсад чухал юм. Эдүгээ цэргийн ба өөр хэдэн хувилбар бий. Зарим улсын мэдэгдлүүдээс харахад тус хувилбарыг хэрэглэж магадгүй болсон нь сэтгэл түгшүүлж байна. Ираны асуудлыг тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож цэргийн арга замаар шийдвэрлэж болохгүй хэмээн Орос улс урьдын  адил үзэж байна Ийм арга замаар асуудлыг шийдвэрлэх нь байдлыг улам хурцатгана»  гэв.

Орос, Их Британи, Германи, Хятад, АНУ, Франц зэрэг олон улсын зууч зургаан улс Ирантэй ойрын үед хэлэлцээ хийж эхлэнэ. Одоогоос нэг жилийн өмнө тасалдан зогссон яриа хэлэлцээг сэргээх нь талуудыг олон улсын өнөөгийн ноцтой хямралын асуудлыг шийдвэрлэхэд ойртуулна гэж ОХУ-ын ГХЯ-ны Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Александр Садовников хэлээд

«Олон улсын зургаан зуучийн хэлэлцээ Ираны цөмийн асуудлыг чухам ямар арга замаар шийдвэрлэхийг ойлгоход туслана. Гэвч талууд үүнд үнэн сэтгэлээсээ хандах эсэх асуудал тулгарав. Юуны түрүүнд өрнөдийн орнууд асуудлыг эв зүйгээр зохицуулахад бэлэн байх ёстой. Түүнчлэн Тегеран ил тод бодлого явуулж, улс орон нь цөмийн зэвсэг боловсруулж бүтээх гээгүйд дэлхийн хамтын нийгэмлэгийг итгүүлвэл зохино. Эдүгээ олон улсын зургаан зууч ямар нэг мөргөлдөөнд гулсан шилжихээс сэрэмжлэх гол үүрэг гүйцэтгэж мэднэ» гэв.

Иран улс атомыг энх тайвны зорилгоор ашиглах хөтөлбөрөөрөө халхавчилж цөмийн зэвсэг бүтээж байна хэмээн АНУ ба өрнөдийн өөр хэдэн улс үзэж байгааг энд дурдая. Тегеран иймэрхүү зэмлэлийг няцааж, цөмийн хөтөлбөр нь дан улс орныхоо цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэгдснийг мэдэгдэж байна. НҮБ, ЕХ ба АНУ-аас Ираны эсрэг хориг арга хэмжээ нэг бус удаа авсан билээ. Ийм арга хэмжээ тэр тусмаа цэргийн цохилт талуудын итгэлцлийг эвдэх хор холбогдолтой гэж шинжээчид үзэж байна.