Сирийн байдлыг зохицуулах үүднээс чухал үйл явдлууд энэ долоо хоногт боллоо. Арабын улсуудын холбооноос сирийн удирдлагын талаархи байр сууриа зөөлрөөлэв. НҮБ-ын онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны  Сири улсыг хямралаас гаргах төлөвлөгөөг Дамаскын албан ёсны удирдлага сайшаан дэмжив. Дамаскаас Аннаны төлөвлөгөөг сайшаасан явдал дэлхийн хамтын нийгэмлэгт нааштай дохио өгсөн гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Исаев үзэж байна. Харин үүнд сөрөг хүчний байр суурь ч чухал гэж тэрээр хэлээд: «Сирийн талаас Аннаны төлөвлөгөөг сайшаан дэмжсэн нь зүй ёсны хэрэг билээ. Дэлхийн хамтын нийгэмлэг тус орны байдлыг энх амгалан болгохыг хичээж байна. Гэвч тохиролцоог хэн даган мөрдөх нь өөр хэрэг. Асадыг зэвсэг хэрэглэн огцоруулах замаар л мөргөлдөөнийг зохицуулж болно гэсэн хэт даврагч үзэл санаа ялангуяа гадаадад байгаа сирийн сөрөг хүчний нэг хэсэгт давамгайлсан. Ийм арга барилыг хэрэглэвэл ямар ч дэглэм дотоодын хэрэгт нь хөндлөнгөөс оролцох зэвсэгт ажиллагааг няцаах эрхтэй» гэв.

Одоогоор Сирид цуст ажиллагаа үргэлжилж байна. Тэр ч байтугай одоо НҮБ Сирийн чөлөөт арми гэгч хүүхдүүдийг цэрэг болгон ашиглаж байна гэсэн мэдээг шалгаж байна. Тэгэх нь олон улсын конвенцийг бүдүүлгээр зөрчсэн хэрэг болно. Сөрөг хүчний хувьд байдлыг эв зүйгээр зохицуулах нь 2-р зэргийн асуудал болжээ. Сирийн дэглэмийг түлгэн унагаж солихийг л Персийн булангийн хаант улсуудаас ивээн тэтгэж буй босогчид оролдож байна. Энэ нь бүс нутагт НҮБ-ын энхийг эрхэмлэгч хүчин чармайлтад ноцтой аюул учруулсан гол хүчин зүйл гэж дорно дахиныг судлагч Борис Долгов хэлээд:«Сири улс хямралт байдлаас гарах эсэх нь гаднаас тухайлбал Турк ба НАТО эвслийн гишүүн тэргүүлэх улсууд, Персийн булангийн хаант улсуудаас зэвсэгт бүлгүүдэд дэмжлэг үзүүлэх эсэхээс шалтгаална. Санхүү, цэргийн дэмжлэг үзүүлсээр байгаа нөхцөлд асуудлыг шийдвэрлэхэд хэцүү. Эдгээр зэвсэгт бүлэг террорын ажиллагаагаа зогсоох гээгүй» гэв.

Иордани улсыг дамжин Сирид зэвсэгт бүлгүүдэд зэвсэг нийлүүлэхийг Саудын Арави ахин оролдож байна гэсэн мэдээлэл  тархав. Энэ сарын эхээр Эр Рияд эдийн засгийн тусламж үзүүлнэ гэж Амманд амлаад сирийн хэт даврагсдад зэвсэг нийлүүлэхийг анх удаа оролдсон билээ. Тэр үед ба одоо ч Иордани татгалзав. Босогчдын эгнээнд ба тэдний ивээн тэтгэгчдийн дотор зөрчил гарсан нь өнгөрсөн долоо хоногт тодров. Сөрөг хүчний толгойлогчдын бага хурал Турк, Катар хоёр улсын дэмжлэгээр 3-р сарын 27-нд Стамбулд болов. Бага хурал хагарал гарахаас сэрэмжлэх, Асадтай яриа хэлэлцээ хийх гэсэн этгээдүүдийг шинэ нөхцөлд тогтоон барих зорилготой байсан. Энэ долоо хоногийн шувтаргаар Ирак улсад болсон Аравын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалтыг үүнтэй холбогдуулан дурдая. Мөн уулзалт «арабын хавар» гэгчийг дүгнэх байлаа. Гэвч сирийн асуудал гол сэдэв болжээ. Кофи Аннаны үйл ажиллагааг дэмжинэ гэж Арабын улсуудын холбооны гишүүд мэдэгдэв.

Арабын улсуудын холбооны байр суурь өөрчлөгдсэн нь сенсац болсон. Сирид цэрэг оруулж болзошгүй. Дэглэмийг түлхэн унагаж сольсон цагт л байдлыг эв зүйгээр зохицуулж болно гэж урьд тус байгууллага мэдэгдсэн билээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт дээр энэ тухай яриагүй. Мөн түүнчлэн сөрөг хүчинд зэвсгээр туслана гэж мэдэгдсэнгүй. Илүү олон улс сирийн хямралын талаар дэнсэлж цэгнэсэн үзэл баримталж, Асадыг огцоруулснаар байдал сайн тийш өөрчлөгдэхгүй гэсэн Орос улсын байр суурийг дэмжиж эхлэснийг шинжээчид тэмдэглэв. Энэ агуулгаар Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалт эргэлт гаргасан гэж Борис Долгов тэмдэглэн хэлээд

 «Арабын улсуудын холбооны чуулганд оролцогчдын олонхи нь Аннаны төлөвлөгөөг дэмжиж, Асадын удирдлагыг зэмлэн буруушаагүй нь тэмдэглэлтэй үйл явдал болсон. Өөрөөр хэлбэл гадаадын цэргийг Сирид оруулах зам тавих байсан шийдвэрийг тулган хүлээлгэх гэсэн Персийн булангийн хаант улсуудын оролдлого дампуурав. Энэ нь байдлыг улс төрийн замаар зохицуулах боломжийг нээж өгч байна. Зохицуулалт аяндаа тэр даруй бүтэхгүй. Энэ нь нэлээд удаан үргэлжлэх үйл явц юм» гэлээ.