Цөмийн терроризмтэй хийх тэмцэлд олон улсын хүчин чармайлтыг уялдуулан зохицуулсан нь Сөүлд хийсэн дээд хэмжээний уулзалтын хамгийн чухал үр дүн болсон юм. Цөмийн аюулгүй байдлын асуудлаархи форумоос ямар нэг онцгой шийдвэр гаргана гэж үзэхгүй байсан. Хамгийн гол нь улс орнууд цөмийн зэвсгийг дэлгэруулэхгүй байх асуудлыг хамтран хэлэлцэж эхэллээ.

 Тухайн үед цөмийн технологи улам их хэмжээний энерги хэрэглэж буй дэлхийд ахиц дэвшил гаргав. Гэвч цэргийнхэн атомыг судлагчдын нээлтийг бусдаас түрүүн ашиглав. Энэ нь бас нааштай талтай. Тэргүүлэх гүрэн улсуудын цөмийн тэнцүү  байдал дэлхийд ахин дайн  дэгдээхээс сэрэмжлэх үндсэн хүчин зүйлийн нэг боллоо.

Үүний хамт хүн төрөлхтөн атомыг энх тайвны зорилгоор ашиглахтай холбоотой аюулыг улам ухамсарлаж байна. Чернобылийн сүйрэл, америкийн ба францын АЦС-д гарсан осол, өнгөрсөн онд японы «Фукушимагийн» эргэн тойрны эмгэнэлт хэрэг явдал зэргийг үүнтэй холбогдуулан дурдвал хангалттай биз. Түүнчлэн цөмийн технологийг хяналтгүй хөгжүүлэх нь үхлийн аюултай болж мэднэ.Ираны ба Умард Солонгосын цөмийн хөтөлбөрүүд дэлхийн  хамтын нийгэмлэгийг түгшүүлсэн явдал үүнтэй бас холбоотой.

Өнгөрсөн долоо хоногт Сөүлд дэлхийн 53 улсын төр засгийн удирдагчид ба шинжээчид хуралдаж, дээрх асуудлуудыг авч үзэж хэлэлцэв. Гэвч Тегеран, Пхеньяны төлөөлөгчдийг цөмийн аюулгүй байдлын асуудлаархи форумд оролцохыг уриагүй.Энэ нь сөүлийн дээд хэмжээний уулзалтын ганц зохисгүй тал болсон хэмээн Москва үзэж байна. Атомын энергийн асуудлын хэлэлцүүлэгт сонирхогч бүх талыг оролцуулах хэрэгтэй гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлээд «Их яригдаж буй улс орнуудыг санал шүүмэлдэлд илүү идэвхтэй оролцуулвал зохино.Тэд эрт  орой хэзээ нэгэн цагт  хэлэлцээг сэргээж, бидэнтэй яриагаа үргэлжлүүлнэ гэж найдаж байна» гэв.

Сөүлын дээд хэмжээний уулзалтын ажилд сэтгэл ханамжтай байна гэж Дмитрий Медведев дүгнэн мэдэгдлээ. Москва нормативын шинэ үндэс суурийг боловсруулах болон цөмийн аюулгүй байдлын тухай, цөмийн ослын тухай шуурхай мэдээлэх зэрэг хоёр конвенцийг шинэчлэхийг санаачилж, цөмийн террорын ажиллагаатай олон улсын хэмжээнд тэмцэх санал дэвшүүлснийг ерөнхийлөгч дурдав. Мэдээжээр бүх асуудлыг шийдвэрлэж амжаагүй.Тухайлбал  зарим улс 2005 онд НҮБ-д баталсан цөмийн террорын ажиллагаатай тэмцэх тухай  конвенцийг одоохондоо батлаагүй байна. Гэвч энэ чиглэлээр ажлаа үргэлжлүүлж байгаа  нь чухал  гэж Медведев хэллээ.

Японы «Фукушима-1» АЦС-д аюултай осол гарсан ч эдүгээ дийлэнх олонхи улс атомыг энх тайвны зорилгоор гарцаагүй ашиглана гэсэн дүгнэлт хийснийг Сөүлийн дээд хэмжээний уулзалт харуулав. Мэдээжээр цөмийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах ба цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх асуудал улам хурцдаж байна. Үүний хамт эдгээр аюулыг арилгах арга хэмжээнүүд атомыг энх тайвны зорилгоор ашиглаж хөгжүүлэх улс бүрийн эрхийг хангахад саад учруулах ёсгүй гэж дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн албан мэдээнд онцолсон юм.