Өчигдөр Багдадад хуралдаж дууссан Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын зөвлөлгөөнээр араб дундын ба олон улсын нэн чухал хэд хэдэн асуудлаархи эдгээр улсын нийтийн байр суурийг агуулсан «Багдадын тунхаглал» гэгчийг батласан тухай өчигдөр «Элаф» интернет -портал мэдээллээ.. Тунхаглалыг өнөөдөр нээгдэх Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад хэлэлцүүлэхээр орууллаа. Багдадаас «Элаф»-ад уламжласан мэдээллээс харахад Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар Дамаскад хандан «цуст ажиллагааг зогсоож, энгийн хүн амын эрхийг зөрчсөн арми, аюулгуй байдлын хүчний албан тушаалтнуудыг хариуцлагад татахыг» уриалсан Сирийн асуудлаархи тогтоолыг бас батласан байна. Түүнчлэн ямар ч талын хүч хэрэглэх ажиллагааг Сирид нэн даруй зогсоож, улс орны байдалд хяналт тавих биеэ даасан механизмыг  байгуулж, хүмүүнлэгийн тусламжийн хүрээний ачааг сирийн хүн амд саадгуй тээвэрлэж, НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны үйл ажиллагаанд аль болохоор туслахыг баримт бичиг уриалжээ. Өнөөдөр Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын  ГХ-ийн сайд нар бас нэг хуралдаан хийж, улс орнуудынхаа удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг батлах бололтой. Арабын болон Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын  ГХ-ийн сайд нарын зөвлөлгөөн  ба удирдагчдын уулзалт сүүлийн 22 жилд анх удаа Иракэд болж байна.