ШХАБ-ын Террорын эсрэг бүс нутгийн  байгууллагаас хилийн албаны төлөөлөгчдөөс хамтрасан шинжээчдийн бүлгийг  байгуулж байна гэж Ташкентад болсон Террорын эсрэг бүс нутгийн байгууллагын хуралдааны үр дүнгээр мэдэгдсэн байна.

ШХАБ-ын гишүүн хэд хэдэн улс «арабын хавар» гэгчийг  сэтгэл түгшин хүлээж авсныг санал шүүмжлэлийн өнгө аяс харуулав. Хуралдааныг даргалсан Кыргызстаны төлөөлөгч Рустам Мамасадыковын онцлон тэмдэглэсэнчилэн өнөөгийн нөхцөлд террорын байгууллагууд ба янз бүрийн хорлон сүйтгэх хүчний  ашиг сонирхол, тактикийн зорилго нийцэж байна. Гаднаас дэмжлэг авч  засгийн төлөө тэмцэлд ямар ч арга барил хэрэглэхээс буцахгүй байгаа шашин, хэт даврагч хүчний салан тусгаарлагсад тэдгээрийн дотор байна.

Нөхцөл байдал улам хүндэрч байгаа нь ШХАБ-аас  зохих түүний дотор тусгай алба, цэргийн тусгай газрыг оролцуулан арга хэмжээ авахыг шаардаж байна. Террорын эсрэг ШХАБ-ын үйл ажиллагаа олон улсын хандлагад нийцэж байна гэж ОХУ-ын ДХЯ-ны их сургуулийн професор аюулгүй байдлын талаархи шинжээч Игорь Зубов онцлоод

«Эдүгээ террорын дайралтад нэрвэгдэж байгаа бусад улсаас ч бараг адилхан арга хэмжээ авч байна. 9-р сарын 11-ний хэрэг явдлыг үүнтэй холбогдуулан дурдая. Тэр үед АНУ-аас ямар арга хэмжээ авсан бэ? Терроризмтэй тэмцэх олон улсын үндэс суурийг бэхжүүлж, террорын байгууллагуудын нэгдсэн цэс зохиож, мэдээлэл солилцоог өргөжүүлэн бэхжүүлж, террорын эсрэг тэмцэлд дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх хэрэгслийг хэрэглэх нь зайлшгүй чухал гэж тус улс мэдэгдсэн юм. Эдгээр зорилтыг ШХАБ-ын хүрээнд бас биелүүлж байна.

Орос, Казахстан, Хятад, Кыргызстан, Тажикистан, Узбекистан зэрэг ШХАБ-ын байнгын бүх гишүүн улсын төлөөлөгчид Ташкентад болсон террорын эсрэг бүс нутгийн байгууллагын хуралдаанд оролцов.Энэ нь чухал юм. Терроризмын эсрэг нийтийн тэмцэл хийх хэрэгтэй. Үүнд бие биеэ сэжиглэх, тэр тусмаа зэмлэх тохиолдол гарах ёсгүй. Харамсалтай нь Террорын эсрэг бүс нутгийн байгууллагын түүхэнд ийм тохиолдол гарсан билээ.

2005 оны 2-р сард Казахстаны албан ёсны төлөөлөгчид Узбекистаны генерал Вячеслав Касымовын мэдэгдэлд маш хатуу хариу өгсөн юм. Генерал хэвлэлд ярилцлага өгөхдөө «Казахстан терроризмын санхүүжүүлэлтийг саатуулах байтугай, Бин Ладены өмчлөсэн пүүсүүд зарим газар нутгий нь худалдан авсан байна» гэжээ. Ийнхүү мэдэгдэл  өнөө дэлхийд ШХАБ-ын нэр хүндийг гутааж, байр суурий нь сулруулж байна гэж тэр үед Астана албан ёсоор онцлосон юм.

   Итгэлцлийн түвшин нэн чухал юм. Чухам энэ зорилгоор хилийн албаны төлөөлөгчдийг оролцуулан яриа хэлцээг өргөжүүлэхээр шийдвэрлэв. Дамжин нэвтрэх мансууруулах бодисын өсөлт болон улс дамнасан гэмт хэрэг гаарсан явдал түүнчлэн Афганистаны байдал тогтворгүй болж мэдэх аюул ШХАБ-ын гишүүн орнуудыг бүс нутгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нэмэлт арга хэмжээ авахад хүргэж байна.

     Зарим бүс нутгийн улс төр, нийгэм эдийн засаг,омог дундын харилцаанд гарсан объектив түвэг бэрхшээл террористуудын зорилгыг биелүүлэхэд туслаж байна гэж Террорын эсрэг бүс нутгийн байгууллагын хуралдаанд оролцогчид тэмдэглэжээ. Тогтвортой байдал эдийн засгийн үйл ажиллагаа болон ШХАБ-ын орон зайд нийгэм-эдийн засгийн өрнүүн хөгжлийн угтвар нөхцөлийг бий болгохоос шалтгаална.