Улсын Дум намуудын тухай хуулийг 3 дахь хэлэлцүүлгээр батлав. Хуульд оруулах засварыг системийн бус гэгч сөрөг хүчний төлөөлөгчидтэй авч үзэж хэлэлцсэн хийгээд тэдний саналуудын нэг хэсэг нь төгсгөлийн баримт бичигт тусгалаа олов. Зарим сөрөг хүчний төлөөлөгчид хэт олон нам бий болоход дүргүйцэж, 3 дахь хэлэлцүүлэгт ирээгүй байна. Гэсэн ч тэд байгууллагаа шинэ дүрмээр бүртгүүлэхэд бэлдэж байна.

Ерөнхийлөгч Дмитрий Медведев 3-р сарын 23-нд оросын парламентын гишүүдийн батласан улс төрийн намуудын тухай хуулийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулсан билээ. Энэ нь Оросын улс төрийн системийг шинэтгэх багц баримт бичгийн нэг юм. Хууль шинэ нам байгуулах үйл явцыг хөнгөвчилж, тухайлбал байгууллагыг бүртгэхэд шаардагдах гишүүдийн тоог 40 мянгаас 500  хүртэл цөөрүүлэв.

Хуулийн төслийг өргөн хэлэлцээд батласан байна. Думын фракцууд төдийгүй парламентад сонгогдоогүй намууд бүр системийн бус гэгч сөрөг хүчний төлөөлөгчид хэлэлцүүлэгт оролцов. Байдлаас харахад энэ нь хэвийн үзэгдэл болж байна. Парламентын доод танхимын тэргүүн Сергей Нарышкины мэдэгдсэнчилэн депутатууд л бүрэн төгс шийдвэр гаргана. Гэвч бусад намын санаа бодлыг мэдэхийн тулд Улсын думд сонгогдохтол  нь хүлээх хэрэггүй.

 50 гаруй засвар хуульд оруулахыг санаачлав. 16 нь баримт бичгийн төгсгөлийн хувилбарт тусгалаа олсон гэж Улсын думын олон нийтийн нэгдлийн асуудал эрхлэсэн хорооны дэд дарга Сергей Попов  «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Гол гол саналыг харгалзахыг хичээсэн. Эхлээд хуулийг 2013 оны 1-р сарын нэгнээс хүчин төгөлдөр болгохоор төлөвлөсэн билээ. Гэвч сөрөг хүчин  хуулийг нийтлэснээс хойш тэр даруй хүчин төгөлдөр болгохыг санаачлав. 3-р сарын 28-нд Холбооны зөвлөл хуулийг хэлэцээд  ерөнхийлөгч гарын үсэг зурна. Тэгээд хууль нийтлэснээс хойш тэр даруй хүчин төгөлдөр болно» гэлээ.

Мэдээжээр зарим нь хэлэлцүүлгийн үр дүнд сэтгэл дундуур байна. Жишээ нь албан ёсоор бүртгээгүй Ардын эрх чөлөөний намын төлөөлөгчид  хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлэгт ирээгүй байна. Эрх баригчдаас намыг мэдэгдэх зарчмаар бүртгэх ба эвсэл холбоо байгуулах эрх олгох өөрөөр хэлвэл бидний гол саналыг няцаасан гэж намын удирдагчийн нэг Борис Немцов мэдэгдлээ. Баримт бичгийн 3 дахь хэлэлцүүлэг ёс төдий зүйл хэмээн Немцов үзэж байна.

Шинжээчид ч намуудын тухай шинэ хуулийг өөр өөрөөр үнэлж байна. Баримт бичиг  Оросын улс төрийн хүрээг өргөжүүлж, парламентад нийгмийн янз бүрийн давхрагын төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх нь дамжиггүй гэж олонхи нь үзэж байна. Янз бүрийн жижиг олон арван бүр олон зуун нам бий болвол улс төрийн тавцанд эмх замбараагүй байдал үүсч мэднэ гэж улс төр судлаач Павел Святенков үзэж байна.

Гэвч энэ удаагийн хууль зохих анхны алхам болсныг  тэрээр хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа зүй ёсны шилэлт чухал нөлөө үзүүлнэ гэж Павел Святенков хэлээд «Нэг, хоёр, гурван шатны сонгуулийн явцад намуудын тоо зүй ёсоор 15 хүртэл багасах бололтой. Парламентад сонгогдсон эсвэл сонгогдох боломжтой намууд улс төрийн тавцанд үлднэ» гэв.

Ямар байсан ч шинэ хуулийг батласан тухай мэдээлэл оросын нийт олныг идэвхжүүлэв. Сөрөг хүчнээс  баримт бичигт ямар үнэлгээ өгсөн ч 60 гаруй байгууллага  шинэ дүрмээр өөрсдийгөө бүртгүүлэх гэж байна. «Эвлэршгүй» Ардын эрх чөлөөний нам ч тэдгээрийн дотор байна. Үйлдвэрлэл эрхлэгч Михаил Прохоров намынхаа нэрийг эрж байна. ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачёв ч социал-демократ хөдөлгөөнийг сэргээхээр шийджээ. Чухам ямар ямар нам оросын улс төр, нийгэмд нөлөөлж чадахыг парламентын ээлжит сонгууль  харуулна.