Пушкины өндөрлөгүүд бол Оросын эртний музей-дархан цаазтай газрын нэг юм. Оросын оршин суугч бүр түүнийг андахгүй. Энэ үзэсгэлэнт газар Оросын аугаа их яруу найрагч Александр Пушкины амьдралтай  салшгүй холбоотой юм. Энэ өдрүүдэд музей 90 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Энэ он жилүүдэд музейн-дархан цаазтай газар Пушкины амьдралтай холбоотой соёлын томоохон төв болж хувирлаа. Их яруу найрагч  олон жил энд амьдарч, яруу найрагчийн хувьд цээнд хүрч, нэрд гарсан 100 орчим шүлэг,найраглалаа туурвисан юм. Пушкиныг  эндхийн Успенскийн дацангийн оршуулгын газарт оршуулжээ.

 Музейн хувь заяа Пушкины хувь заяаны нэгэн адил хүнд  бэрхшээлтэй байна. Өнгөрсөн зууны 40-д оны эхээр  Эх орны их дайны үед дархан цаазтай газрын нэг хэсгийг бүрмөсөн устгажээ. Үнсэн  товрог болсон зарим байшин болон эдлэн газар, цэцэрлэгт хүрээлэнг сэргээв. Музейн ажилтнуудын урам зориг, нөр их ажлын ачаар ууган төрхий нь сэргээв. 80-д оны сүүлээр музей гай гамшигт ахин нэрвэгдэв. Хүчтэй салхи үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгийн 1000 орчим модыг унагажээ. Гамшгийн уршгийг арилгасан байна. Эдүгээ Пушкины өндөрлөгүүдийн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахдаа эдгээр сүрлэг мод яруу найрагчийг  харж, түүний хайр дурлал, гай зовлон, бүтээлч ажиллагааны нэг ёсны гэрч болсонд бараг итгэхгүй байдаг.

Михайловское тосгон дархан цаазтай газрын дэвсгэр нутагт  оршино. Энэ нь Пушкины ээжийн эдлэн газар. Иймээс тосгон газартаа гоц таарсан байна. Их яруу найрагч  энд олон жил сууж, тансаг гоё цэцэрлэгт хүрээлэнд  нэрд гарсан олонхи бүтээлээ туурвисан юм. Одоо Михайловское тосгонд яруу найрагийн гэр-музей байгаа бөгөөд тэртээх олон барилга байшинг сэргээн босгож хадгалсан юм. Яруу найрагчийн ажлын өрөө, асрагчий нь жижиг байр болон эдэлж хэрэглэж байсан  зарим эд хогшилыг үзэж болно. Музей-дархан цаазтай газар Х1Х зууны эхэн үеийн  уур амьсгалыг энд сэргээж,угсаатны зүйн бүхэл бүтэн тосгоныг байгуулснаараа бахархаж байна.  Оросын ба гадаадын маш олон жуулчин бүр 90 жилийн турш Пушкины өндөрлөгүүдэд очсоор байна.