Монгол улсаас  ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн өчигдөр   “Оросын дуу хоолой”радиод зочлов. Тэрээр тус радиогийн Ази, Ойрхи болон  Алс-Дорнодын   нэвтрүүлгийн ерөнхий редактор Сергей Феоктистовтой уулзаж, тус  албаны үйл ажиллагаатай танилцав. Нэгдсэн редакцийн бүрэлдэхүүнд 66 жилийн түүхтэй  монгол хэлний нэвтрүүлэгийн алба  байдаг юм. Сайд Идэвхтэн тус албаны сэтгүүлч, орчуулагч, нэвтрүүлэгч нартай уулзахдаа “Оросын дуу хоолой” радио манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг  цохон тэмдэглэв.  Түүнчлэн, элчин сайд “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний редакцийн ахмад ажилтан Содномдаржаагийн  Эрдэнэд МУ-ын төрийн дээд шагнал “Алтан гадас “одон гардуулав. С.Эрдэнэ нь монгол-оросын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд болон хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд  он удаан жил үр бүтээлтэй ажилласан юм.  Дээрх арга  хэмжээнд ОХУ дахь Монгол улсын ЭСЯ-ны Элчин зөвлөх Самдангийн Банзрагч оролцов.