Франц, Их Британи, АНУ-ын Цэргийн нисэх хүчин яг нэг жилийн өмнө Ливид цэргийн ажиллагаа явуулж эхлэв. Түүний зорилгыг НҮБ-ын АЗ-өөс 2011 оны 3-р сарын 17-нд гаргасан тогтоолд заажээ. Энэ нь Муамар Каддафигийн дэглэмд зэвсэг нийлүүлэхийг хориглох, агаарын орон зайг ливийн нисэх хүчинд хаах зорилго байсан.

Орос, Хятад, Герман улсууд санал хураалтын үеэр түдгэлзэв. Өрнөдийнхөн тогтоолыг дүр мэдэн тайлбарлаж, цэргийн довтлого хийх дохио хэмээн үзнэ гэж Москва таамаглаж, тогтоолыг дэмжсэнгүй. Харин тогтоолыг нарийн чанд даган мөрдснээр төр засаг, босогчдын хоорондын зэвсэгт сөргөлдөөн зогсоно хэмээн үзэж хориг тавиагүй. Тэгээд «арабын хавар» гэгчийн ливийн хувилбар  өрнөдийн цэрэг цөмрөн орж, Муаммар Каддафийг огцруулж хөнөөх уршигтай болов. «Үүр цайх үе» гэсэн өрнөдийн ба түүний холбоотнуудын цэргийн ажиллагаа Ливи улсыг эмх замбараагүй байдалд оруулсан гэж  Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Ливид «арабын хавар» гэгчийг эхлүүлсэн Бенгази дэх салан тусгаарлагчдын үймээн зохих уршигтай болсон. Киренаик  автономиа зарлан мэдээлэв. Энэ нь чухам Саудын Арави Катар хоёр Каддафийг огцоруулах ажиллагаа ямар зорилгоор явуулсныг тусган харууллаа. Эдүгээ омгийн өөр хоорондын дайсагнал  аймаглан устгах ажиллагаа болж хувирсан. Африкийн омгуудыг бас устгаж байна. «Арабын хавар» гэгчийн туг дор Ливид орчин цагийн маягийн ардчилал тогтоогоогүй. Ливи улс хагаран бутрах ирмэгт тулсан» гэв.

Өрнөдийнхөн Муаммар Каддафигийн эсрэг босогчдын тэмцлийг дэмжихдээ  Ливид ардчилсан шинэтгэл явуулахыг огт бодолгүй  тус орны нөөц баялгийг л сонирхов. Гэвч өрнөдийн орнууд эдгээр нөөцийг хяналтдаа авч чадсангүй гэж Стратегийн үнэлгээ, магадлан шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко хэлээд

«Ливийн нефтийг хяналтдаа авахыг Их Британи, Франц хоёр улс оролдсон. Гэвч эдгээр хоёр улс зорилгодоо хүрсэнгүй. Учир нь нефтийн орд газруудыг улс төрийн тогтворгүй нөхцөлд л эзэмшиж ашиглах болсон. Харин энд «бүгд бүгдийн эсрэг» байлдан дайтаж байгаа нөхцөлд тэгэх боломжгүй байна. ЕХ лалын радикал үзлийг тархаах хүчирхэг голомтыг өөртдээ ойртуулсан» гэв.

Хээрийн захирагчид орон нутгийн засгийн эрхэнд гарсан. Ливийн 100 мянга гаруй оршин суугч зэвсэгтэй. Үндэсний шилжилтийн зөвлөлийн үйл ажиллагаа тод бус бүрхэг байна. Түүний бүрэлдэхүүнд чухам хэн орсныг өнөө болтол бүрэн мэдээлээгүй. «Арабын хавар» гэгчийн ливийн хувилбар хэнд ашиг тустай болсон бэ? Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Алексей Подцероб эл асуудалд хариулахыг оролдон хэлэхдээ

«Ливийн хөрөнгө мөнгө банкуудад нь байсан улс орнууд л хожив. Тус орны дансыг өнөө болтол хэсэгчилэн битүүмжлэсээр байна. Мэдээжээр Катарт ашигтай болсон. Тус улс Каддафигийн дэглэмийг огцоруулснаар бүс нутагт  улс төрийн нөлөөгөө өргөжүүлсэн» гэв.

Өнгөрсөн онд Ливийн ДНБ эрс багасаж, ажилгүйдэл гаарч,хүн амын аж байдал дроройтсоныг  шинжээч тэмдэглэв. Энд 10 мянга гаруй хүнийг шоронд хорив. Каддафийн талынханыг залхаан цээрлүүлсээр байна. Эндхийн шоронгуудад юу болж байгаа талаар мэдээлэл авах гэсэн Олон улсын эрүүгийн шүүхийн бүх оролдлого дампуурав.