Алсын тусгалтай цөмийн пуужинг зохион бүтээхийг Пхеньян оролдож байна гэж Өмнөд Солонгосоос БНАСАУ-ыг зэмлэсэн тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн төлөөлөгчийн мэдэгдлийг үндэслэн мэдээллээ. БНСолонгос улсын ерөнхийлөгч Ли Мен Бак ГХЯ, Аюулгүй байдлын яамны сайд нартай  Пхеньяны 4-р сард хиймэл дагуулаа хөөргөх төлөвлөгөөтэй холбогдуулан Сөүлд зөвлөлгөөн хийлгэсний дараа дээрх мэдэгдэл гаргажээ. Өмнөд Солонгос БНАСАУ-ын төлөвлөгөөг «магадгүй цөмийн цэнэг бүхий алсын тусгалтай баллистик пуужинг зохион бүтээхэд чиглэгдсэн «ичгүүр сонжуургүй өдөөн хатгалга» хэмээн үзэж байна. Сөүл  эл асуудлаар Умард Солонгосын цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээнд оролцож байгаа АНУ, Япон, Хятад, Орос улсуудтай нягт холбоо харилцаатай байх болно. Өмнөд Солонгос цөмийн аюулгүй байдлын асуудлаар хийх олон улсын дээд хэмжээний уулзалтын хурээнд тус асуудлыг сонирхогч талуудтай хэлэлцэнэ. Мөн уулзалт ирэх долоо хоногт Сөүлд хийнэ. Хиймэл дагуулаа 2012 оны 4-р сарын дундуур хөөргөх төлөвлөгөөтэй байна гэж БНАСАУ өнгөрсөн баасан гаригт албан ёсоор зарлан мэдээлсэн билээ.Энэ арга хэмжээг тус улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулах юм. Ойг төрийн баяр болгон 4-р сарын 15-нд тэмдэглэнэ. АНУ, Япон, Өмнөд Солонгос  улсууд  БНАСАУ-ын хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөг эрс шүүмжлэв. Пхеньяны  эл төлөвлөгөө Орос улсыг түгшүүлж байна.