Энэ оны 9-р сард Русский аралд болох Ази Номхон далайн эдийн засгийн форумын дээд хэмжээний уулзалтаас хойшхи бүс нутгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж Приморский хязгаарын шинэ засаг дарга Владимир Миклушевский үзэж байна. Олон улсын өргөн цар хүрээтэй арга хэмжээний бэлтгэл «тээврийн дэд бутцийг цаашид хөгжүүлэх, дотоодын хувийн хөрөнгө оруулах сайн үндэс суурь Приморье бүс нутагт тавьсан» гэж өнөөдөр засаг дарга  хязгаарынхаа Хууль тогтоох хурлын депутатуудын өмнө үг хэлэхдээ тэмдэглэв. Дээд хэмжээний уулзалттай холбоотой олонхи барилга байгууламжийг барьж дуусч байна гэж үүний өмнө Миклушевский хэлсэн билээ. Алс Дорнодын холбооны тойрогт суугаа ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев Приморский хязгаарын засаг даргын саналыг дэмжив. «Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтад зориулсан  барилга байгууламжуудыг барьж дуусснаас  хойш өөр хөтөлбөрүүд дээр ажиллах хэрэгтэй. Алс Дорнод, Өвөр  Байгалийн нийгэм-эдийн засгийг  2018 он хүртэл  хөгжүүлэх хөтөлбөр бий гэж Виктор Ишаев тэмдэглэжээ. Боомт, төмөр зам тухайлбал Сибирийг нэвт дамжсан төмөр замыг шинэчлэх хэрэгтэй. Зөвхөн чингэлэгт тээвэрлэлт 50-60 тэрбум долларын ашигтай болохыг тэрээр онцлов. Өнөөдөр Приморский хязгаарын хууль тогтоох хурлын ээлжит бус хуралдаанаар Владимир Миклушевскийг хязгаарын засаг даргын албан тушаалд томилох саналыг батлав. Энэ хуралдааны дараагаар Миклушевский  Приморский хязгаарын засаг даргын тушаал албан ёсоор хашиж эхлэв.