Орос улс НҮБ-ын АЗ-ийн  Сирийн асуудлаархи тогтоолыг уялдуулан зохицуулахад бэлэн байна гэж өчигдөр ГХ-ийн сайд Сергей Лавров НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр мэдэгдлээ. Үүний хамт  Оросын ГХЯ-ны тэргүүн Арабын улсуудын холбооны гишүүдтэй хэлэлцэж тохиролцсон таван зарчим дээр л тэгж болохыг  лавлан  тодруулав.

 Эдүгээ хэрэг явдлыг  түрүүлж эхлэснийг эрэх биш үнэн хэрэг дээр гал зогсоох боломж олгох хандлагыг эрэх хэрэгтэй гэж Лавров хэллээ. Дэглэмийг солих шаардлага ба дангаар тогтоох хориг, зэвсэгт тэмцлийг дэмжих уриа  ийм хандлага биш байгаа нь тод зүйл. Тэдгээрийг Лавров «геополитикийн эрсдэлтэй жор» хэмээн нэрлээд

«Сирийн эрх баригчид болж байгаа үйл явдлуудыг тодорхой хэмжээгээр хариуцах ёстой нь эргэлзээгүй. Гэвч сирийн засаг захиргаа зэвсэггүй хүмүүстэй биш байлдааны отрядууд тэдгээрийн дотор  Сирийн чөлөөт арми гэгч ба  сүүлийн үед цуст террорын ажиллагаа удаа дараа явуулсан «Аль-Каида»-г оролцуулан хэт даврагч бүлгүүдтэй аль хэдийнэ байлдан дайтаж байгааг харахгүй байж болохгүй» гэв.

Урьд Орос улс болон Арабын улсуудын холбооны гишүүн орнууд сирийн мөргөлдөөнийг зохицуулах таван зарчмыг томъёолжээ. Сергей Лавров Нью Йоркод  зарчмуудыг дурдав. Эдгээр нь бүх талаас хүч хэрэглэх ажиллагааг зогсоох, саадгүй хянах механизмыг бий болгох,  гаднаас оролцохгүй байх, сирийн бүх оршин суугчидад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, НҮБ-ын ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны үйл ажиллагааг хатуу тууштай дэмжих зэрэг зарчим билээ.

 АЗ-ийн энэ удаагийн хуралдааныг Их Британийн санаачилгаар «Ойрхи Дорнодын байдал: аюул сорилт  боломж» хэмээн гарчиглажээ. Хямралд нэрвэгдсэн Сири ба хямралаас болж хохирсон Ливи  хэлэлцүүлгийн гол сэдэв болох ёстой. Оросын дипломат ажилтнууд сэдвийг өргөжүүлэх санаатай байсан. Бүс нутгийн тогтвортой байдлын тухай ярихад эртдэнэ. Гэвч «арабын хавар» гэгчийн олон улсын нөлөөтэй холбогдуулан зарим нэг дүгнэлт хийж болно гэж Сергей Лавров хэлээд

«1-рт тухайн нөхцөл байдлыг харгалзан тавьсан ямар ч зорилгыг  дэлхийн хамтын нийгэмлэгийг төрөгдүүлэх, НҮБ-ын АЗ-ийн шийдвэрүүдийг өөртдөө ашигтай замаар дүр мэдэн хэрэгжүүлэх арга барилаар биелүүлж болохгүй. Эс тэгвэл АЗ-ийн нэр хүнд унаж, гишүүдэд нь итгэх итгэл суларч, улмаар цаашид шийдвэр гаргах АЗ-ийн чадвар эргэлзээ төрүүлж мэднэ. 2-рт  НҮБ-ын АЗ-өөс олгосон мандатын дагуу ажиллах байгууллага буюу улс үйл ажиллагаагаа АЗ-д бүрэн тайлагнах ёстой. Энэ нь Ливийн агаарын орон зайг хориотой бүс болгох байснаа үнэн хэрэг дээр тус улсыг бөмбөгдсэн Умард Атлантын эвсэлд бас хамаатай» гэлээ.

 Эвслийн бөмбөгдөлтэд энгийн номхон иргэд хэлмэгдсэн  мэдээллийг өнөө болтол мөрдөн байцаагаагүйг Сергей Лавров дурдав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга эл асуудлыг тодруулах ёстой гэж ОХУ-ын ГХ-ийн сайд үзэж байна.