Таван сард Чикагод болох байсан “том наймын” дээд хэмжээний уулзалтыг Кэмп-Дэвидэд шилжүүлснээрээ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама орос, америкийни харилцааг шинэ хуудснаас эхлэх хүсэлтэй байгаагаа харуулж чадлаа гэж шинжээчид үзэж байна. G8 болон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг хийх газар, цаг хугацааг өнгөрсөн жилийн зун Чикаго хот, 2012 оны 5-р сар гэж тогтоосон байсан юм. “Том наймын” тэргүүнүүдийн 5-р сарын 18-19-нд болох байсан уулзалтын төлөвлөгөөнд Барак Обама өөрчлөлт оруулж, дээд хэмжээний уулзалтыг Чикагогоос АНУ-ын ерөнхийлөгчийн хотын гаднах өргөө Кэмп-Дэвидэд хийхээр болсон байна. Ингэснээрээ оросын тэргүүн Владимир Путины өмнөөс угтан тосох дипломат алхам хийлээ гэж шинжээчид үзэж байна.

G8-ийн Чикагогийн уулзалтын дараа Хойд атлантын эвслийн улсуудын удирдагчид уулзах байсан ба тэнд уригдсан ч гэсэн ПДХ системийн талаар АНУ-тай санал зөрөлдөөнтэй байгаа тул оросын тэргүүн тийшээгээ очихгүй гэж шийдсэн байсан юм. Барак Обама уулзах газрыг өөрчилснөөрөө “том наймын” дээд хэмжээний уулзалтын албан бус байдалд хоёр орны харилцааг шинээр эхлэх санаатай байгаа бололтой гэж улс төр судлаач Алексей Арбатов үзэж байна. Байдлаас ажихад ПДХ системийн талаар ойрын үед тохиролцохгүй бололтой, тийм учраас НАТО-гийн хүрээнд хийх уулзалтанд Владимир Путинд хийх ажил байхгүй. Тэгэхлээр Путин тийшээ очихгүй. Обама “том наймын” уулзалтыг Путины заавал очих ёстой Кэмп-Дэвидэд шилжүүлсэн гэдэг нь тэрээр Путинтэй хамт орос, америкийн харилцааг шинэ хуудаснаас эхлэхийг хүсэж байгааг харуулж байна гэж тэр ярилаа.

Алексей Арбатовын үзэж байгаагаар америкийн тэргүүн “хоёр орны улс төрийн харилцааг сэвтүүлсэн өнгөрсөн үеийн гомдол, үл ойлголцох байдлаа” мартая гэсэн дохиог оросын тэргүүнд өгч байгаа бололтой. Уламжлал ёсоор маш чухал хэлэлцээрүүд болдог Кэмп-Дэвидэд уулзалт болно гэдэг нь онцгой ач холбогдолтой юм. “Обама, Путин нар ерөнхийлөгчийн хувиар анх удаа хувийн харилцаа энд тогтоох юм” гэж улс төр судлаачид үзэж байна. Энэ үед Путин ерөнхийлөгчийн албан тушаалд орох ёслолын ажиллагаа болоод өнгөрөх юм.

Энэ уулзалт нь “зарчмын мэдэгдэл” солилцох биш ОХУ, АНУ-ын байр суурийг ойртуулах гэсэн бодит оролдлого болно гэж Төрийн Думын депутат Дмитрий Вяткин үзэж байна. ОУ-ын байр суурийг тооцохгүй байна гэдэг байж болошгүй зүйл. Мэдээж хэрэг сирийн болон ираны асуудалтай АНУ ганцаараа үлдэхийг хүсэхгүй байгаа. Хэлэлцээрүүдийг үр дүнтэй болгохын тулд Палестин, Сири, Иран улсуудын асуудлын талаар эхний ээлжинд ОХУ, АНУ хоёрын байр суурийг тааруулах ёстой. Үүнийг жирийн хэлэлцээр хийхэд тохиромжтой маш тааламжтай байдалд хийх ёстой гэж тэр ярилаа. Мэдээж хэрэг энэ уулзалтад сонгуулийн өмнөх кампанит ажлын зорилго байгаа гэдэгтэй улс төр судлаачид санал нэг байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ид өрнөж байгаа АНУ-д хоёр улсын харилцааны “дахин ачаалал” нь Барак Обамагийн нэртэй шууд холбоотой юм.

Энэ процесс мухардмал байдалд ороогүй гэдгийг тэрээр батлах ёстой гэж улс төр судлаач Алексей Арбатов ярьж байна. Сонгуулийн кампанит ажлын үеэр ПДХ системийн асуудлаас болоод хэлэлцээр тасарсан шиг байдал гарсан ч гэсэн ОУ-тай харилцаа хөгжиж байгаа, шийдвэрлээгүй асуудлаар зөвшөлцөх сайхан төлөв байгаа гэдгийг харуулах нь Барак Обамад амин чухал юм гэж тэр ярилаа. Кэмп-Дэвидэд уулзах нь Владимир Путины хувьд бас чухал юм. Хэрвээ тэрээр ерөнхий сайдын хувьд гол төлөв эдийн засгийн асуудлыг хариуцдаг байсан бол ерөнхийлөгч болсны дараа гадаад бодлогын асуудлаа хариуцах болно. Дээд хэмжээний уулзалтын байрыг оросын тэргүүнд зориулж өөрчилсөн нь чухал юм. Ерөнхийлөгчийн шинэ хугацаагаа Барууныхантай муудалцаж эхэлмээргүй л байгаа юм даа.