Сири улсын нөхцөл байдлыг зохицуулах таван зарчмыг ОУ болон АОЛ зөвшилцлөө. Каирт 3-р сарын 10-нд ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, АОЛ-ийн орнуудын гадаад хэргийн сайд нартай уулзсны дараа энэ баримт бичиг бий болсон юм. Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг үл тэвчих, мөргөлдөөнд оролцож байгаа талууд хүчирхийллээ нэн даруй зогсоох нь тус төлөвлөгөөний зарчмын асуудал юм.

Сири улсад мөргөлдөөн хагас жил үргэлжилж байна. Энэ хугацаанд 7500 хүн амь үрэгдсэн гэж НҮБ мэдээлж байгаа юм. “Тэнцүү бус хүч хэрэглэж байна” гэж тус улсын ерөнхийлөгчийг барууныхан буруутгаж байна. Гадаадынхан зэвсэглэж байгаа сөрөг хүчний зэвсэгт дайнчид байдлыг тогтворгүй болгож байна гэж Башар Асад үзэж байгаа юм. Сири улсын байдлыг тогтворжуулах эхний нөхцөл бол барууны орнуудын эвслийн шаардаад байгаа засгийн газрын цэргүүд гал зогсоох биш зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн ч гал зогсоох шаардлагатай гэж Москва мөргөлдөөний эхний өдрөөс үзэж ирсэн билээ.

Асадын дэглэмийн эсрэг чиглэгдсэн тогтоолыг саатуулахын тулд НҮБ-ын АЗ дээр Орос, Хятад улсууд хоёр удаа хориг тавих эрхээ эдэлсэн юм. Харин одоо сирийн хямралд эргэлт гарч магадгүй байна. Арабын ажил хэрэг нэгт нөхдүүдтэйгээ хийсэн ээлжит хэлэлцээрийн дүнг Сергей Лавров өөрөө зарлалаа. Талуудын хамтарсан байр сууринд “Нэгдүгээрт хаанаас гарч буйгаас үл шалтгаалан хүчирхийллийг нэн даруй зогсоох, Хоёрдугаарт мониторингийн бие даасан механизмыг байгуулах, Гуравдугаарт сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс хэзээч оролцож болохгүй, Дөрөвдүгээрт бүх сиричүүдэд хүргэх хүмүүнлэгийн ачааг саадгүй нэвтрүүлэх, Тавдугаарт сирийн асуудлыг зохицуулах НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны ажиллагааг хатуу тууштай дэмжих” гэсэн таван зүйл орж байна гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн сэтгүүлчидэд мэдэгдлээ.

Харамсалтай нь сөрөг хүчнийхэн Сирийн нөхцөл байдлыг ливийн болон египетийн байдлаар өрнүүлэхийг ихэд хүсэмжлэж байна гэж египетийн “Аль-Масри аль-Яум” сонины тоймч Халед Омар “ОДХ” радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.Иймэрхүү нөхцөл байдалд ч Башар Асад төрийн эрхийг гартаа барьсаар байна. Дэглэм сөрөг хүчинтэй өргөн яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа учир түүний байр суурь улам бэхжиж байгаа юм. Сири хоорондын яриа хэлэлцээ хийх ёстой гэж үзсээр ирсэн ОУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй байна. Каирт болсон уулзалт АОЛ, ОУ-ын хооронд үүссэн байсан хурцадмал байдлыг намжаагаад зогсонгүй сирийн хямралыг зохицуулахад талуудын үр бүтээлтэй байр суурийг бүрэлдүүлэхэд тус боллоо гэж тэр ярилаа.

Энэ зөвшөлцөөн бол сирийн хямралыг зохицуулах тийш хийсэн чухал алхам юм. Энэ нь бүх асуудлыг шийдэхгүй нь мэдээж хэрэг гэж дорно дахины судлаач, шинжээч Ирина Звягельская үзэж байна. Сөрөг хүчнийг дэмжих байдал үргэлжилэх нь хүрээд байгаа зөвшөлцөөнийг хэрэгжүүлэхэд гол саад тотгор болно. Сири улсад урьдын адил Ливаны хилийг дамжин дайнчид орж ирсээр байх болно. Баримт бичигт заагаад байгаа мониторнг нь уул нь үүнийг зогсоох ёстой боловч тийм боломжийг тавьж өгөхгүй. Гэхдээ энэ хүрээд байгаа зөвшөлцөөн бол эерэг тал юм гэж тэр ярилаа.

НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннан Дамаскт Башар Асадтай уулзаж сирийн ерөнхийлөгчид өөрийн санал хүсэлтийг тавьсан байна. Мөн Аннан сөрөг хүчний тэргүүнүүд болон ажил хэрэгч бүлгийн нэрт төлөөлөгчидтэй уулзсан байна.Харин оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров египетийн нийслэлээс ниссэн бөгөөд Нью-Йоркт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой хэлэлцээр хийх юм. Бүх уулзалтуудын дүнг 3-р сарын 12-нд Сирийн байдлаар хийх НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр гаргах болно.