Хотыг гэрэлтүүлэх систем харанхүй үед хотынханы аюулгүй  байдлыг хангаж, хотын архитектурын дүр төрхийг тод харуулж, нүдээр ажиглах мэдээллийг хүлэж авахад тус дөхөм үзүүлж байна. Гэвч мөн систем бас зохисгүй талтай. Жишээлбэл асар их хэмжээний цахилгаан эрчим хүч хэрэглэж байна. Дэлхийн олон улс орны мэргэжилтнүүд эл асуудал дээр ажиллаж байна. Хөдөлгөөнгүй газарт гэрэл хэмнэх, хүмүүс бөөгнөрэх газрыг оновчтой гэрэлтүүлэх, гэрлийн  эх сурвалжийг сэлгэх зэрэг зорилт олон хотын захиргаанд тулгарсан юм.

Сибирийн эрдэмтэд хотыг гэрэлтүүлэх автомат системийг зохион бүтээжээ. Мен систем энергийг оновчтой  зарцуулахад туслана гэж зохион бүтээгч Сибирийн холбооны их сургуулийн Сансар, мэдээллийн технологийн хүрээлэнгийн аспирант Евгений Передерий үзэж байна. Тэр хэлэхдээ: «Систем гэрлийн эх сурвалжийн эрч хүчийг тохируулан багасгаж, шөнө тээврийн хөсөг цөөн үед энергийг хэмнэх маш олон төхөөрэгтэй. Зангилаа бүр нь мэдээ баримтыг маш түргэн боловсруулах тооцоолон бодох авсаархан модультай» гэв.

Дээрх системийн төхөөрөг бүр нь цогц датчик бүхий хянах бичил багаажтай. Датчик гудамж, замын байдлыг тогтоож, хянах бичил багаж гэрэлтүүлэх хэмжээг агшин зуур тохируулж байна. Гэрлийг зохицуулах систем энергийг хэмнэж, дэнгийн гэрэлтүүлэх хугацааг сунгаж, «гэрлийн бохирдол»  гэгчээс зайлсхийх боломж олгож байна. Харин системийн нааштай тал үүгээр хязгаарлагдахгүй байна. Евгений Передерий хэлэхдээ: «Систем тээврийн цуваанд дүн шинжилгээ хийж, замын бодит байдлын тухай обьектив мэдээлэл авах боломж олгож байна. Эдгээр мэдээллийг тээврийн хөдөлгөөнийг удирдах системд ашиглаж, замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэж болно» гэв.

Евгений Передерийн зохиосон «Хотыг гэрэлтүүлэх автомат систем» төсөл өнгөрсөн онд инновацийн тэмцээнд тэргүүний байр эзлэв. Бүтээлээ практик хэрэг дээр хэрэгжүүлж чадах 30 хүрээгүй залуу эрдэмтэд тэмцээнд оролцов. Энэ онд сибирийн эрдэмтэн өөрийн системийг Красноярск хотноо туршина. Мэргэжилтнүүд системийн үр бүтээлийг үнэлэх юм. Өрнөд Европын ба Хятадын мэргэжилтнүүд ийм системийг бас боловсруулж байна. Оросын залуу эрдэмтэн өрсөлдөгчдээс эмээхгүй байж, амжилт гаргахдаа итгэж байна.