МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас уламжлан мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсантай нь холбогдуулж, тус улсын Засгийн газрын тэргүүн, Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путинтай утсаар ярьж баяр хүргэв. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, “ОХУ бол манай улсын мөнхийн хөрш, олон зууны түүхэн уламжлал, баялаг харилцаатай орон. Эрхэм В.В.Путин та дахин энэ улсыг удирдахаар болсонд баяр хүргэж амжилт хүсье” гэв.

Ноён В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд талархаж буйгаа илэрхийлээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөн хүрээнд, шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахдаа баяртай байх болно хэмээн онцоллоо.

Мөн ойрын хугацаанд уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар үр дүнтэй яриа хэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.