Өчигдөр НҮБ-ын АЗ-ийн  байнгын гишүүд болон АЗ-ийг дарглаж байгаа Марокко улсын төлөөлөгч хаалттай хуралдаан хийлгэж, сирийн асуудлаархи америкийн тогтоолын төслийг авч үзэж хэлэлцэв. «Интерфакс» агентлагийн дипломат эх сурвалжийн мэдээллийг үндэслэн уламжласнаар төсөл Сирид хүний эрхийг зөрчиж байгааг буруушааж, сирийн засгийн газрын жагсагчдын эсрэг хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг уриалжээ. Түүнээс гадна хүмүүнлэгийн тусламжийн барааг Сирид чөлөөтэй  оруулж, тэмцэл хөдөлгөөний үеэр баривчлагдсан хүмүүсийг суллаж, байлдааны техникийг хотуудаас  гаргахыг уриалсан байна. Одоогоор урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийг цаашид үргэлжлүүлнэ гэж НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Сьюзан Райс хуралдааны дараа мэдэгджээ. Америкийн төсөл улс орныхоо энгийн номхон оршин суугчдын эсрэг хүч хэрэлэж буй ерөнхийлөгч Асадыг эрс шийдэмгий буруушаагүй учир сулхан байна гэж өрнөдийн хэд хэдэн дипломатч үзсэн байна. Харин Орос Хятад хоёр улс мөн тогтоолын төслийг хүлээн зөвшөөрч мэднэ. Учир нь тэр НҮБ-ын АЗ-ийн Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай  тогтоолд нийцэж байна гэж тэд үзсэн. Өнгөрсөн долоо хоногт Москва Бээжин хоёр тус тогтоолын төслийг дэмжсэн билээ. НҮБ-ын АЗ-ийн сирийн асуудлаархи тогтоолын америкийн шинэ төслийг гүйцээж боловсруулах хэрэгтэй гэж өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Геннадий Гатилов тэмдэглэв. «Шинэ төсөл урьд хориг тавьсан баримт бичгийн бага зэрэг шинэчлэсэн хувилбар юм. Түүнийг нэлээд тэнцүү болгох хэрэгтэй» гэж Гатилов Twitter дэх блогдоо бичжээ.