ОУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг гаргаж байна. Энэ албан тушаалын төлөө гол өрсөлдөгч одоогийн ерөнхий сайд Владимир Путин итгэлтэйгээр тэргүүлж байна. Санал хураалтын хуудсын 99%-ийг боловсруулсны дараа тэрээр 63 гаруй хувийн санал авсан байна. КН-ын нэр дэвшигч Геннадий Зюганов 17%-ийн санал авч хоёрдугаар байранд орсон байна. Тэрбумтан, бие даан нэр дэвшигч Михаил Прохоров 7%-ийн саналтайгаар гуравдугаар байр эзэлсэн байна. Сонгогчдын 6 орчим хувь нь ОУ-ын ЛАН-ын тэргүүн Владимир Жириновскийд саналаа өгсөн байна. “Шудрага Орос орон” намын дарга Сергей Миронов 4 хүрэхгүй хувийн санал авсан байна.Ерөнхийлөгчийн сонгууль хууль ёсны болсон гэдгийг Владимир Путины ихэнх өрсөлдөгчид болон олон улсын ажиглагчид хүлээн зөвшөөрсөн байна.

Өнгөрсөн ням гаригт болсон ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг ил тод, нээлттэй, ардчилсан, олон улсын стандартад нийцсэн гэж санал хураалтын ажиглаж байсан бие даасан шинжээчид үнэлсэн байна. Энэ удаагийн сонгууль ажиглагчдынхаа тоогоор дээд амжилт тогтоосон байна. Санал хураалтын явцыг оросын 300 мянга гаруй иргэн, бие даасан олон улсын 700 шинжээчид ажигласан байна.

Оросууд маш идэвхитэй байсан нь гадаадынхны гайхширлыг төрүүллээ. Энэ нь хүн амын улс төрийн ухамсар дээшлэж байгааг харуулж байна гэж тэд үзэж байна. ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль онцгой зөрчилгүй, дэлхийн стандартад нийцсэн гэж 2008-2010 онуудад ЕХПА-н дэд ерөнхийлөгч байсан, Чех улсын иргэн Анна Чурдова «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглэлээ.

«Миний бодлоор бүх зүйл явагдах ёстой журмаараа боллоо. Өөрөөр хэлвэл цэвэр боллоо. ОХУ-ын хуулийн дагуу болсон гэж би үзэж байна. Сонгуулийн дүнд нөлөөлж болох ямарч зөрчил гарсангүй. Хүмүүс ажиллаж байгаа болохоор хаа нэгтээ ямар нэгэн зүйл болсон байж болох л юм. Зөрчил гараагүй гэж би үзэж байна, ер нь европын стандартын дагуу боллоо» гэж тэр ярилаа.

Сонгуулийн хэсэг бүрт байрлуулсан веб-камерууд энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн шинэлэг зүйл боллоо. Төрийн думын 12-р сарын сонгуулийн дараа олон тооны зөрчил гарсан гэж сөрөг хүчнийхэн үзэж эсэргүүцлийн ажиллагаа явуулсны дараа төр засаг төрийн тэргүүний сонгуулийг ил тод явуулах тал дээр онцгой анхаарал тавьсан юм. Ахар богино хугацаанд 90 мянга гаруй сонгуулийн хэсэг бүр дээр камер байрлуусан бөгөөд хүссэн хэн бүхэн сонгуулийн явц болон саналын хуудас тоолох явцыг шууд үзэх боломжтой байлаа.  Европын парламентийн депутат Бела Ковач  2014 оны парламентын сонгуульд энэ технологийг ашиглах шаардлагатай талаар илтгэл бичнэ гэж ярьсан байна.

Тэгэхдээ огт зөрчилгүй байсан гэж хэлж болохгүй.Сөрөг хүчнийхэн болон бие даасан ажиглагчид бүхэл өдрийн турш гарсан зөрчлүүдэд анхаарал хандуулж байлаа. Залуу хуульчдын санаачлагаар байгуулагдсан, эгнээндээ 80 мянган сайн дурыханыг нэгтгэсэн “Шудрага сонгуулийн төлөө” корпусын ажиглагчид бүх улс орон даяар хоёр мянга орчим зөрчил бүртгэж авсан байна. Москва болон Дагестаны хэд хэдэн хэсэг дээр санал хураалтын дүнг өөрчилсөн байна.

Төрийн тэргүүний сонгуулийн урьдчилсан дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс ч олдлоо. Энэ сонгууль хууль бус, ил тод бус, шудрага бус болсон гэж коммунистуудын удирдагч Геннадий Зюганов үзэж байна. Луйвар гарсантай холбоотойгоор шүүхд өргөдөл өгнө гэж коммунистууд амаллаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцсон ихэнх оролцогчид болон ажиглагчид гарсан зөрчүүлд сонгуулийн дүнд нөлөөлж чадахгүй  гэж үзэж байна.