Оросын жүжигчид дэлхийд нэрд гарсан америкийн Дю Солей циркийн хамтлагийн бүрэлдэхүүнд байгааг хүмүүс бараг мэдэхгүй байна. Энэ циркэд ажиллахыг Улаан Үдийн дөрвөн бүсгүйг урисан байна.

Дэлхийн нэр хүндтэй циркийн удирдлага  циркийн залуу жүжигчид их чадамгай тоглож байгааг  Мексикэд  ажиглажээ. Баярмаа Зодбоева, Лилия Жамбалова, Имин Цыдендамбаева, Аягмаа Цыбенова нар  Буриадын улсын циркийн хамтлагтай хамт тийшээ очиж тоглосон юм. Энэ цирк яруу сайхан тоглолтоороо Орос даяар алдаршсан.

Циркийн урлаг Буриадад 1996 оноос хойш хөгжиж байна. Тэр үед циркийн урам зоригтон Майдари Жапхандаев хүүхдүүдийн циркийн сургуулийг нээжээ. Тэрээр 8-аас 10 нас хүртэлх авьяаслаг хүүхдүүдийг  Буриад даяар шилэн авсан байна. Хөрш зэргэлдээ Монгол улсын циркийн мэргэжилтнүүд сургуульд багшлав. Туршлагатай мэргэжилтнүүдийн удирдлагаар охид хөвгүүд уран нугараач, гимнастикч, акрабатч,алиалагч зэрэг циркийн гол гол мэргэжил эзэмшив.

Сургууль нээгдснээс хойш нэг жил өнгөрсний дараа  циркийн залуу жүжигчид анх удаа тогложээ. Хожим тэд олон улсын янз бүрийн тэмцээн, наадамд оролцон тоглож, анхны шагнал хүртжээ. 2000 онд Оросын ардын жүжигчин Майдари Жапхандаев циркийн урлагийн сургуулиа Буриадын улсын циркийн статустай болгов. Тэр үеэс хойш жүжигчид үргэлж аялан тоглож байна.

Буриадын циркийн тоглолт  тус БНУлсад тэмдэглэх  бүх баярын салшгүй нэг хэсэг болсон. Жүжигчид жил бүр шинэ хөтөлбөрийг бэлтгэж байна. Циркийн гимнастикч дөрвөн бүсгүйн тоглолт буриадын циркийн урын санд онцгой байр эзлэв. Охид Жапхандаевын сургуульд  сурч, хэд хэдэн жилийн турш нөр их хөдөлмөрлөж сургуулиласан юм.

Тэдний ер бусын уран хөдлөгөөн Хятад, Монголын циркийн нэрд гарсан жүжигчидтэй өрсөлдөх боломж олгосон. Баярмаа Зодбоева, Лилия Жамбалова, Имин Цыдендамбаева, Аягмаа Цыбенова нарыг «каучук охид» гэжээ. Тэд  циркийн наадмын шагналыг нэг бүс удаа хүртсэн юм. Тэдний уран чадварыг ажиглаж, аялан тоглолтод урих боллоо. Эхлээд Санкт-Петербургийн циркэд тоглоод дараа нь Польшид болсон наадамд оролцов.

Цаашдаа ер бусын уран нугараач охид  хөтөлбөрөө Унгар, Итали, АНУ ба Өмнөд Америкийн орнуудад  тоглож сонирхуулжээ. Насныхаа тэн хагасыг аялан тоглож өнгөрөөсөн гэж залуу жүжигчид хошигнон ярьцгааж байна. Буриадын бүсгүйчүүд 2011 онд Мексикэд их амжилттай тоглосноос хойш АНУ-д ажиллахад  уригджээ. Буриад улс циркийн урлагийн дээд цэгт хүрсэн бүсгүйчүүдээрээ бахархаж байна. Тэд жил бүр 2-р сард төрөлхи Улаан Үд хотод  ирж амардаг.