Сири улсын Хомс хотод засгийн газрын эсрэг зэвсэглэсэн босогчдыг дарж 100 гаруй хөлсний алуурчдыг баривчилсан байна. Босогчдыг зэвсэглэж байгаа явдал Сири улсын хямралыг зохицуулахад нэмэр болохгүй байна гэдгийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хүлээн зөвшөөрлөө. Сирийн зэвсэглэсэн  сөрөг хүчнийг дэмжиж байгаа олон улс орны мэдэгдэлд хууль эрх зүйн үнэлгээ өгөхийг НҮБ-аас ОХУ-ын ГХЯ өөрийн зүгээс шаардлаа.

Хомс хотын оршин суугчид хөлсний алуурчдын нуугдсан газрыг засгийн газрын цэргүүдэд зааж өгч тусалсан байна гэж ливаны “Оронж-ТВ” телевизийн суваг мэдээлсэн байна. Үүний үр дүнд 600 гаруй зэвсэглэсэн босогчид бууж өгсөн. Хотын байдал одоо хэвийн болж байна. Байлдааны ажиллагаанаас  болж нэрвэгдсэн хүмүүст сирийн армийн цэргүүд хоол унд өгч, шархадсан хүмүүст туслалаа.

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн хүмүүнлэгийн цуваа Хомс хотод очиж эм, эмийн бүтээгдхүүн, хоол хүнс, ундны ус хүмүүст тарааж байна. Хомс хотод хяналтаа сэргээсэн нь Дамаск босогчдыг дарахын тулд нөөц бололцоогоо ашигласан гэдгийг харуулж байгаа гэж оросын Стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Аждар Куртов тэмдэглээд

«Хомс хот сүүлийн хагас жилд босогчдын үүр уурхай байсан учир түүнийг авна гэдэг үнэхээр том амжилт юм. Зэвсэглэсэн сөрөг хүчний талынхны засгийн газрыг байгуулснаа зарлаж мэдэх төв, төр засагт захирагдахгүй шаантаг нутаг энэ хотод бий болох аюул байсан юм. Харин одоо ийм боломжийг устгалаа. Сири улсад өрнөөд байгаа иргэний дайнд үндсэн эргэлт гарсан гэж одоо хэлж болохгүй юм» гэлээ.

АНУ, Франц улсууд зэвсэг болон  ПДХ хэрэгслийг нийлүүлж байгаа гэж Сирийн чөлөөт арми гэгчийн сөрөг хүчнийхэн нээлттэй зарлаж байна. Эдний талд Афган, Ливи, Түрэг, Иордан улсуудын мэргэжлийн хөлсний алуурчид байлдаж байгаа юм. Арабын нэртэй цэргийн шинжээч Амин Хтеит нөхцөл байдлыг тайлбарлахдаа

«Өнгөрсөн оны 4-р сараас Сири улсад эхэлсэн эмх замбараагүй байдлаас хойш тэнд 30000 нэгж зэвсэг нийлүүлсэн юм. Мөн 300 тонн дэлбэрэх хэрэгсэл нийлүүлсэн байна. Эдгээр зэвсгийг Катар, Саудын Арав улсууд нийлүүлж байсан юм. Эдгээр улсууд нь Сири улсыг устгахыг ихэд хүсэж байгаа АНУ-аас хамааралтай юм. Сири улсын тогтвортой байдал ардчилал нь бусад улсууд тэр тусмаа Саудын Арав улсад нөлөөлнө гэдгийг эдгээр улсууд сайн ойлгож байгаа юм. Ямарч давалгаа хаант улсыг устагахад хүргэх тул энэ хаант улс Сири улсад гарах бүх хүчирхийллийг эцсээ хүртэл дэмжих болно» гэлээ.

Сири улсын хэрэгт хөндлөнгөөс оролцох нь бүх бүс нутгийг дэлбэрэх байдалд хүргэнэ гэж Стратегийн үнэлгээ, судалгааны хүрээлэнгийн шинжээч, дорно дахины судлаач Сергей Демиденко үзэж байна.

«Сири  улсыг тогтворгүй болгоно гэдэг араб дахиныг тогтворгүй болгоно гэсэн үг. Сирийн дараа Ливан, төв Ирак, цаашилбал Иордан улс дэлбэрэх байдалд хүрнэ. Тийм учраас Барууныхан Ливи, Ирак улсуудад оролцсон шиг хөндлөнгөөс оролцож хэзээч болохгүй. Энэ байдал Израиль улсад хамгийн түрүүнд нөлөөлөх болно. Сирийн тогооноос хальсан хөөс тэр улсад заавал хүрч таараа» гэж Сергей Демиденко хэллээ.

Сирийн зэвсэглэсэн  сөрөг хүчнийг дэмжиж байгаа олон улс орны мэдэгдэлд хууль эрх зүйн үнэлгээ өгөхийг НҮБ-аас ОХУ-ын ГХЯ өөрийн зүгээс баасан гаригт шаардлаа. Босогчдыг зэвсэглэж байгаа явдал Сири улсын хямралыг зохицуулахад нэмэр болохгүй байна гэдгийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун баасан гаригт болсон ЕА-н хуралдаан дээр хүлээн зөвшөөрлөө. Асуудлыг дипломат замаар шийдвэрлэхийг тэрээр дэлхийн хамтын нийгэмлэгт уриалсан байна.