Орос улсын иргэд өнөөдөр ерөнхийлөгчөө сонгож байна. Ерөнхийлөгчийг анх удаагаа 6 жилээр сонгоно. Орос улс даяар 96 мянган сонгуулийн хэсгүүд үүдээ нээгээд байна. Онгоцны буудлууд  болон төмөр замын буудлуудад зөөврийн саналын хайрцагуудыг байрлуулаад байна. Санал хураалт бүр сансарт ч явагдана.

Төрийн дээд албан тушаалд таван нэр дэвшигч өрсөлдөж байна: “Нэгдсэн Орос” намаас   оросын засгийн газрын тэргүүн Владимир Путин, “Оросын Коммунист намын” сэлгээгүй удирдагч Геннадий Зюганов, Оросын  Либерал-Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский, “Шудрага Орос” намын удирдагч Сергей Миронов болон бие даан нэр дэвшигч, тэрбумтан  Михаил Прохоров.

Сонгуулийн Төв комиссийн тоо баримтаар 2012 оны 3-р сарын 4-ний  ерөнхийлөгчийн сонгууль явагдах өдөр  оросын 109 сая гаруй иргэд Үндсэн  хуулийн дагуу  өөрийн сонгох эрхээ ашиглах боломжтой юм.  Хуулиар 18 нас хүрсэн  оросын иргэн сонгуульд оролцох эрхтэй юм.

Нэг сая хагас сонгогчид гадаадад байгаа юм. Тэд нарт зориулан  гадаадын 146 оронд  Элчин сайдын яам болон консулын газруудад сонгуулийн хэсгүүдийг нээн ажиллуулж байна.Оросын СТК дэлхийн 58 оронд  хугацаанаас өмнө сонгуулийн санал хураалт явуулсан. Тэдгээрийн дунд исламын улс орнууд орсон бөгөөд, ням гариг ажлын өдөр байдаг.

2-р сарын 17-ноос 3-р сарын 3-ны өдөр хүртэл оросын хүрэхэд  бэрхшээлтэй болон алслагдсан нутгуудын 36 бүс нутагт  хугацаанаас өмнө санал хураалт явагдлаа.  Үүнд  Хойд хязгаарын нутаг бараг бүхэлдээ шахуу, Алс-Дорнодын зарим дүүргүүд, Сибирь болон Урал  орсон юм.   Түүнчлэн хойд туйлын станцуудад, гэрэлт цамхагуудад болон хөлөг онгоцнуудад  алба хаадаг хүмүүс  урьдчилан саналаа өгсөн юм. Мөн  Сомалийн эргийн Адены буланд  далайн дээрэмчдээс хамгаалах манаанд зогсч байгаа  Оросын Номхон далайн усан цэргийн флотын дайчид болон Өмнөд Суданы нийслэл Жубе хотын амар амгаланг хамгаалж байгаа оросын энхийг сахиулагчид урьдчилан саналаа өгцгөөсөн юм.Сонгуулийн урьдчилсан санал хураалтын дүн оросын бүх иргэд өөрийн сонголтоо хийсний дараа 3-р сарын 4-ний үдэш хүртэл нууц хадгалагдаж байх болно.

Оросын сонгуулийг дэлхий нийт нүд салгалгүй ширтэн, сонирхож байна. ТУХН, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/, Европын зөвлөлийн Парламентын ассамблей, Европын Зөвлөл, ШХАБ болон Хойд Зөвлөлийн  олон тооны ажиглагчид Орос улсад  хүрэлцэн ирээд байна. Нийт 700 гаруй гадаадын мэргэжилтэнүүд байна.

Оросын иргэний хөдөлгөөний  төлөөлөгчид урьд өмнөөс  илүү идэвхитэй санал хураалтын явцыг ажиглах болно.  Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн бие даасан хяналтыг залуу хуульчдын байгуулсан   “Шудрага сонгуулийн төлөө” шинжээчдийн клубын  60 гаруй мянган сайн дурынхан хангах юм. Тэд бусад холбоонуудтай харилцан ажиллах юм. Тэдгээр нь өнгөрсөн оны 12-р сард явагдсан парламентын доод танхимын сонгуулийн дүнг үл зөвшөөрсөн иргэдийн санаачилгаар байгуулагдсан  юм. 

Болзошгүй будлиан, зөрчлүүдийг аль болох багасгах үүднээс сонгуулийн хэдэн мянган хэсгүүдэд саналын хуудас боловсруулах цахим цогцолборууд болон 60 орчим мянган тунгалаг, өнгөгүй хайрцагуудыг тавиад байна.  Энэ удаагийн сонгуулийн бас нэгэн шинэлэг зүйл бол веб-камерууд юм.  Тус төхөөрөмжийг улс даяар 90 мянган сонгуулийн хэсгүүдэд байрлуулсан юм. Санал хураалтын явцыг ажиглах хүсэлтэй хэн бүхэн  Интернет сүлжээний  онлайн дэглэмийн   webvybory2012.ru  сайтан дээрээс харж болно. Түүнчлэн, СТК  шуурхай холбоог хангах үүднээс олон сувагтай, үнэ төлбөргүй шугам нээн ажлуулж байна. Тийшээ сонгуулийн санал хураалтын явцын дунд гарч байгаа зөрчлүүдийг шууд мэдээлж болно.

Сонгуулийн санал хураалтын явцын тухай бүх мэдээ, мэдээлэл, сонгогчдын ирц болон сонгуулийн урьдчилсан дүнг Орос улсын бодит цагийн дэглэмээр Москвад СТК-ийн мэдээллийн төвд ирүүлэх болно.  Сонгуулийн анхны  дүнг Оросын баруун хэсгийн бүс нутаг – Калининград мужийн сонгуулийн хэсгүүд   москвагийн цагаар    21.00 хаалгаа барихад нийтэд зарлана.  3-р сарын 14-ний өдөр хүртэл СТК  санал хураалтын дүнг гаргаад, харин 3-р сарын 17-нд албан ёсоор нийтлэгдэнэ.