ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин гадаадын тэргүүлэх хэвлэлийн ерөнхий редакторуудтай уулзаж ярилцав.Тэрээр ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгааг мөн сөрөг хүчнээс тавьж байгаа арга хэмжээнүүдэд хэрхэн хандаж байгаа тухай асуултад хариулж, сонгуульд ялвал Дмитрий Медведев ямар албан тушаал хаших тухай өгүүлээд олон улсын харилцааны нэлээд хурц асуудлуудаар санаа бодлоо илэрхийлэв.

Японы «Асахи Симбун», францын «Монд», италийн «Репубблика», Британийн «Таймс», Германы «Хандельсблатт», Канадын «Глоб энд Мэйл» зэрэг томоохон сонины газруудын удирдагчид ерөнхий сайдтай  хийх уулзалтад уригдсан байна. Оросын ерөнхийлөгчийн сонгууль эхэлтэл хэдхэн өдөр үлдсэн үед олонхи асуулт сонгуулийн өмнөх кампанит ажиллагаа ба Улсын думын сонгуулиас хойшхи сөрөг хүчний идэвхжлийг хамрасан нь мэдээжийн хэрэг.

Эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчид сонгуулийн үр дүнг гуйвуулсан  гэж эрх баригчдыг зэмлэн буруушаагаад хүмүүсийг гудамжинд гаргасныг нийтээр мэднэ. Засгийг эсэргүүцэгчдийн ийм ажиллагаа гайхал төрүүлсэнгүй. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн дэлхийд өрийн үзэгдэл болсон гэж Владимир Путин мэдэгдээд

 «Шүүмжлэгчид эрх баригч намын үйл ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлсэн байна. Ингэсэнд баяртай байна. Засгийн байгууллагууд улс оронд болж байгаа үйл явдал ба хүмүүсийн санаа бодолыг харгалзан хариу идэвхтэй арга хэмжээ авах ёстой. Өнөөгийн нөхцөл байдал төр засгийг бат орших чанартай болгож, эргэцүүлэн бодож шийдвэрийг эрж олох шаардлагыг бий болгож байна» гэв.

Өөрөө сонгуульд ялвал Дмитрий Медведев засгийн газрын тэргүүн болох боломжийг ерөнхий сайд бас дахин тайлбарлав. Намайг Дмитрий Медведевтэй эл асуудлаар аль хэдийнэ тохиролцсон мэтээр сөрөг хүчин харуулж байна. Харин тэгээгүй гэж Владимир Путин тэмдэглэн хэллээ. Нэлээд өндөр рейтинг болон засгийн газрын ажлын үр дүн Путиныг ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшүүлэх гол шалгуур болсон юм.

Дэлхийн эдийн засаг хямралт байдалд орсон нөхцөлд Орос улс эдийн засгийнхаа бүтцийг бэхжүүлж, төрийн санхүүгийн нөөцийг нэмэгдүүлсэн гэж Владимир Путин дурдав. Харин Европт сөрөг үйл явц явагдсаныг тэрээр тэмдэглэлээ. Эдүгээ дэлхийн хамгийн том эдийн засагтай таван улсын нэг болох том зорилт Орос улсад тулгарсан гэв.

 Владимир Путин Орос улсаас Сирийн байдалд хэрхэн хандаж байна вэ гэсэн «Таймс» сонины газрын эрхлэгч Жеймс Хардингийн асуултад хариулахдаа одоо гол зорилт сөргөлдэж буй талуудыг хэлэлцээний ширээний ард суулгахад оршино гэв. Сирийн чанадад нийт олон ажил хэргийн бодит байдлын тухай үнэн лавтай мэдээлэл авахгүй байна гэж ерөнхий сайд хэлээд

«Хүмүүс Сирид болж байгаа үйл явдлыг та бүхний нүдээр үзэж, та нарын тайлбараар үнэлж байна. Цөөнхөн хүн Сирид очиж, тус улсад үнэн хэрэг дээр юу болж байгааг харах боломжтой байна. Бид хэвлэлийн төлөөлөгчид юу бичиж байгааг биш үнэн хэрэг дээр юу болж байгааг удирдлага болгодог. Тус улсад  иргэний зэвсэгт мөргөлдөөн болж байна. Бидний зорилго ямар нэг тал – засгийн газар буюу сөрөг хүчинд туслах биш Сирид нийтийн эвлэрэл тогтооход оршино. Ливид болсон хэрэг явдлыг давтуулж болохгүй» гэв.

Орос улс Иранд цэргийн мөргөлдөөн гарахаас сэрэмжлэх зорилгоор бүхнийг хийнэ гэж Владимир Путин мэдэгдлээ. Мөргөлдөөн Орос улсад ч өөр олон улсад ч хор холбогдолтой болж мэднэ. Сүүлийн арван жилд олон улсын маргаантай асуудлыг шийдвэрлэх үеэр  хүч удаа дараа ор үндэсгүйгээр хэрэглэсэн гэж ерөнхий сайд онцлов. Орос улс ийм бодлогыг эрс эсэргүүцэж байна. Юу гэвэл зарим улс аюулгүй байдлы нь батлан даах хэрэгслийн хувьд өөрийн цөмийн зэвсэг бүтээхийг эрмэлзэх боллоо.