Оросын Улсын дум  улс төрийн системийн шинэтгэлд зам тавив. Засаг дарга нарын сонгуулийг сэргээх хийгээд улс төрийн намууд олон арван мянган дэмжигчий нь гарын үсэг зуруулалгүй  өөрсдийгөө бүртгүүлнэ. Оросын парламентын гишүүд зохих багц хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгээр батлав. Улс төрийн бүх нам хуулийн төслүүдийг дэмжлээ. Гэвч депутатууд 2 дахь хэлэлцүүлгээр оруулах өөрчлөлтийг бэлтгэж байна. Гишүүд нь парламентад сонгогдоогүй намуудын төлөөлөгчид хэлэлцүүлэгт анх удаа оролцов. Нэг хуулийн төсөл улс төрийн намын бүртгэлийг нэлээд хялбарчилж байна. Нам байгуулахад 40 мянга биш дөнгөж 500 хүн хангалттай болно. Гэвч мөн санал ширүүн маргаан үүсгэв. Парламентын сөрөг бүлгэмийн гишүүд саналыг дэмжихгүй байна.

Тухайлбал хууль хэт либерал шинжтэй гэж коммунистууд үзэж байна. Улс төрийн тавцанд хүчтэй өрсөлдөгч бий болохыг тэд мэдрэсэн бололтой. Эрх баригч «Нэгдсэн Орос улс» намын удирдагч Андрей Воробьёв хуулийн төслийг намынхаа өмнөөс дэмжээд: «Улс төрийн намаа бүртгүүлэхийг хүссэн этгээдүүд тэгэх боломжтой байна. Үнэн чанартаа бүх саад тотгорыг арилгасан. Мэдээжээр энэ нь улс төрчид ба иргэний нийгэмд тодорхой хэмжээний хариуцлагыг ногдуулж байна. Юу гэвэл улс төрийг өөрийн явцуу зорилгоор хэрэглэх хүмүүс, луйварчид улс төрийн хүрээнд байх ёсгүй» гэв.

Өөр нэгэн хуулийн төсөл ерөнхийлөгчийн сонгуульд хамаатай. Эдүгээ бие дааж нэр дэвшсэн хүмүүс өөрсдий нь дэмжсэн 2 сая хүний гарын үсэг зуруулах болзолыг биелүүлэх ёстой. Одоо энэ тоог 300 мянга хүртэл цөөрүүлж байна. Түүнээс гадна засаг дарга нарыг ахин сонгоно. Намууд ерөнхийлөгчтэй зөвлөлдөөд нэр дэвшэгчээ дурдана. Парламент дахь сөрөг хүчин мөн асуудлаар ерөнхийлөгчтэй зөвлөлдөхэд дүргүйцэв. «Шудрага Орос улс» намын удирдагч Сергей Миронов хэлэхдээ: «Намууд засаг даргын албан тушаалд чухам хэнийг дэвшүүлэх асуудлаар ерөнхийлөгчтэй урьдчилан зөвлөлдөж дэвшүүлэх саналыг бид эрс эсэргүүцэж байна. Тэгж болохгүй гэж үзэж, тус  болзолыг хасахыг санал болгосон» гэв.

«Яблоко», «Оросын эх орончид», «Барууны үйл хэрэг»  зэрэг парламентад төлөөлөгчдөө сонгоогүй гурван намаас ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжив. Гэвч сонгуулийн өмнө сонгуулийн эвсэлд нэгдэх боломж намуудад олгох санал дэвшүүлжээ. Засаг дарга нарын сонгуулийг аль болох түргэн сэргээх хэрэгтэй гэж «Яблоко» намын удирдагчийн нэг Сергей Митрохин мэдэгдээд: «Бүх засаг даргын сонгууль зохих хууль хүчин төгөлдөр болсноос хойш 6 сар өнгөрсний дараа явуулах нь Улсын думын зарчимт чухал шийдвэр болно гэж үзэж байна» гэв.

Сөрөг хүчний төлөөлөгчид парламентын санал шүүмжлэлд оролцоогүй боловч  сэтгэл ханамжтай байна. «Бид ажиглагчдын  хувьд байлцлаа. Эрх баригч намын ба парламент дахь сөрөг бүлгэмийн төлөөлөгчдийн санаа бодлыг сонссон нь сайн байна. Бидний үзэл санаа зарим нэг талаар нийцэж байна» гэж «Зүүний фронт» хөдөлгөөний удирдагч Сергей Удальцов хэллээ. Сөрөг хүчний төлөөлөгчид саналуудаа парламент ба ерөнхийлөгчэд явуулах бодолтой байна.