Улс төрчид ба шинжээчид одоо Орос улсад болж байгаа олонхи үйл явдлыг ойртож буй ерөнхийлөгчийн сонгуультай холбон үзэж байна. Мэдээжээр Япон улс хойд хөрштэй харилцах харилцаа 3-р сарын 4-ээс хойш хэрхэн хөгжих төлөвэд нарийн дүн шинжилгээ хийж байна. Өнөөдөр бид оросын ба японы эрдэмтэд оросын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоёр талын харилцаа хэрхэн хөгжих таамаглалыг  сонсогчиддоо сонирхуулна.

Таамаглал яг онохгүй боловч зарим хандлага тодров. «Нутаг дэвсгэрийн сэдэв» орос-японы харилцааны  хүрээнээс зайлахгүй байх. Юу гэвэл мөн сэдэв японы улс төрийн дээд давхрагад чухал юм. Путин ерөнхийлөгчийн албан тушаал хаших үед Орос улсаас найр тавина гэсэн Японы найдвар хэр биелэгдэх бол? Токио дахь Аояма Гакуин их сургуулийн олон улсын бодлогын талаархи  профессор Хакамада Сигэки хэлэхдээ

«Эл асуудлын шийдвэрээр найр тавих боломж байна гэж ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн  Владимир Путин хэлснийг Японд сайн санаж байна. Түүнээс гадна Путин урьд ерөнхийлөгч байхдаа арлуудын асуудлаархи Токиогийн байр суурьтай холбогдуулан нэг ч хатуу мэдэгдэл хийгээгүйг японы хэвлэл мэдээлийн хэрэгслүүд онцлож байна.

Иймээс В.Путин ерөнхийлэгчээр ахин сонгогдвол аль эртний маргаантай асуудлыг шийдвэрлэх хүрээнд ахиц дэвшил гарна гэж японы олон нийт найдаж байна. Ер нь Путин хувь хүний хувьд японы оршин суугчдын тодорхой хэмжээний талархал хүлээж байна. Энэ нь тэрээр японы соёлын зарим талд дуртай байгаатай холбоотой бололтой. Японы оршин суугчид өнөөгийн ерөнхийлөгч Медведевэд өөрөөр хандаж байна.

Ялангуяа тэрээр Кунаширт айчласнаас хойш тэгж хандах болсон. Мөн айлчлал орос-японы харилцааг нэлээд хурцатгасан юм. Орост ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нутаг дэвсгэрийн асуудлаар ямар нэг буурьтай ахиц дэвшил гарахгүйг би мэргэжилтний хувьд ойлгож байна. Гэвч  тэгнэ гэж японы олон нийт бодож байна» гэв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эл сэдвээр хэлэлцээ ахин хийнэ гэж ГХ-ийн сайд Сергей Лавров 1-р сард Токиод айлчласан үеэрээ японы талд амласан билээ. Орос хоёр талд таарах арга барилыг олж  санал зөрөлдөөнийг арилгахыг хичээж байна гэж С.Лавровын хэлсэн үг япончуудыг зоригжуулав. Владивосток дахь Номхон далайн стратегийн боловсруулалтын төвийн захирал Михаил Терский хэлэхдээ

«Сүүлийн олон жилд анх удаа япончууд Курилын арлуудын талаархи  уг ярианыхаа өнгө аясыг өөрчлэв. Тэд тус асуудлыг даруй шийдвэрлэж үл болно. Сүрдүүлэх буюу хэнээрхэл дэвэргэх нь байдлыг даамжруулж л мэднэ гэсэн Оросын байр суурийг хүлээн зөвшөөрч эхлэсэн. Курилын арлуудын хөгжилд ямар нэг хэлбрээр хамтран оролцох боломжийг авч үзэхэд бэлэн байна гэж саяхан японы талаас өгүүлсэн юм. Урьд энэ тухай огт ярихгүй байсан. Мэдээжээр энэ нь японы нийгмийн хувьд нарийн түвэгтэй эмзэг сэдэв юм. Оросын шинэ эрх  баригчид  мөн чиглэлээр хамтрасан алхам хийхэд бэлэн байгаагаа  батлана гэдэгт тэд найдаж байна» гэлээ.

Оросын ба японы улс төрийн стратегийг зохиогчид хоёр талын харилцааны ач холбогдолыг одоогоор дутуу үнэлж байна гэж Михаил Терский хэллээ. Гэвч манай хоёр улсад харилцаагаа цаг үеийн шаардлагад нийцүүлэн урагш ахиулах цаг хугацаа бий гэж тэрээр үзэж байна.