Өнөөдөр бид Оросын өмнөдийн Сочи хотоор аялал хийнэ.  «Замбагын цэцгийн орон» гэгдсэн энэ хот Хар тэнгисийн эрэг хавийн 150 км урт  нарийн зурваст оршиж байна. Жуулчид долгион тэнгис, рашааныг сонирхон зун, намар Сочид очдог. Өвөл болохоор хотын ойр хавийн Красная Поляна тосгон адал явдлын амралт сонирхогчдын анхаарлыг татаж байна. Красная Поляна  Орос улсын бахархал төрүүлсэн уулын цанын шинэ төв боллоо. Түүнийг гадаадын шинжээчид дэлхийн шилдэгийн нэг гэжээ.

2014 онд Сочид 22 дэх Өвлийн олимпийн наадам болно. Спортын гол тэмцээн дууссаны дараагаар Формула нэг Гран При тэмцээн хотод болох юм. Хожим 2018 онд Дэлхийн хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах тэмцээн эхлэнэ. Оросын Сочи хотыг дэлхийн спортын нийслэлүүдийн тоонд оруулж болно.

Хотын тэнгис хавийн хэсэгт байгуулж буй Олимпийн цэцэрлэгт хүрээлэн Сочийн Олимпийн наадмын хамгийн том барилга байгууламж болно. Хоккей, уран гулгалт, кёрлинг, тэшүүрийн тэмцээн болон Олимпийн наадмыг нээх, хаах ёслол энд болох юм. Дашрамд хэлэхэд Сочид Өвлийн олимпийн түүхэнд анх удаа бүх мөсөн талбай нь бие биеэсээ холгүй орших юм.

Биатлон, уулын цана, бобслей ба спортын өөр төрлийн тэмцээн Красная Поляна хавьд явагдана. Барилга байгууламжуудын тэн хагас гаруй нь одоо ч тэмцээнд бэлэн байна. Спортын ба дэд бүтцийн барилга байгууламжуудыг маш өндөр хурдацтай барьж байгуулж байна. Барилгачид гурван ээлжээр бараг завсарлалгүй ажиллаж байна гэж Красная Поляна тосгоны оршин суугч Анна Богомолова тэмдэглээд

«Олимпийн гол гол барилга байгууламжад хүргэх шинэ авто замыг нээгээд байна. «Роза хутор» уулын цанын төв спорт сонирхогчид ба мэргэжлийн тамирчид дүүрэн байна. Эдгээр нь оросын ба бусад орны цаначин, сноубордчин юм. Барилга байгуулалт эндээс зуун метр зайтай үргэлжлэж байгаа боловч хэнд ч саад учруулахгүй байна» гэв.

Өмнөх жил оросын бараг 1,5 сая оршин суугч  ерийн ба цахим мэдээлэл ирүүлж, нэвтрүүлгийн өрөө лүү утасдаж  «Сочи-2014» Олимпийн наадмын билиг тэмдгийг санал болгов. Уран гулгагч туулай, сноубордич ирвэс, бобслейчин цагаан баавгай зэрэг гурван амьтан нэг зэрэг Сочийн олимпийн билиг тэмдэг боллоо. Түүнчлэн 2014 оны Өвлийн олимпийн албан ёсны сүлд дуулалыг батлав. Сонсогчид маань түүнийг сонсох боломжтой байна.

Сочи хот эсрэг тэсрэг агаартай. Зун эрэг хавьд нь 30 хэм халуун байхад цаст нуруунд цаначид  цанаар явж зугаалж байдаг. Красная Полянагийн уулын нуруу олон жилийн турш бараг хүн амьтангүй байсан. Мэргэжлийн тамирчид л авиран гарч цанын уралдааны замд хүрч байлаа. Жирийн хүнд бартаат замыг давахад хүчин чадал, нэлээд урт  цаг хугацаа шаардагдав. Орчин цагийн татлагат замыг нээснээр ямар ч хүн энэ нуруунд авиран гарах боломжтой байна. Замдаа аялагчид эргэн тойрны  ногоон ой,жижиг модон байшингуудыг сонирхон харах юм.

1000 метр өндөрт нарны хурц туяа, цаст оргил, уул хадыг бүрхсэн үүл зэрэг  аялагчдыг тосч авна.Дор тэнгэр бүрхэг байсан ч ууланд нарлаг сайхан байдаг. Уулын цанын улирал Сочи хотын дүүрэгт 11-р сараас 5-р сарыг дуустал үргэлжилдэг. Харин энэ оноос 7-р сар хүртэл үргэлжлэх юм. Цаг уурын байдал зохисгүй болвол уулын нурууг хиймэл цасаар бүрхэх юм. Энэ зорилгоор Сочи хотын захиргаа хиймэл цас үйлдвэрлэх 400 гаруй төхөөрөмжийг худалдан авчээ.

Адал явдалт  амралт сонирхогчид Красная Полянагаас 8 км зайтай орших «Роза Хутор» уулын цанын цогцолборыг зүй ёсоор үнэлэх бололтой. Цогцолбор 1600 метр өндөрт байгаа. Энд зузаан цастай уулын цанын уралдааны 40 гаруй зам байна  гэж манай сурвалжлагч Юлия Козлова мэдээлээд «Сочи хотын нисэх онгоцны буудлаас дөнгөж 40 минут яваад Красная Полянагийн уулын цанын баазуудад хүрч болно.

«Роза хутор» ер бусын зөөлөн цастай. Энд уулын цанын бусад цогцолборын нэгэн адил  мэргэжлийн тамирчдын   ба уулын цана сонирхогчдын зам байгаа. Татлагат замын ба спортын хэрэгслийг түрээслэх төлбөр өндөр биш байна. Цанын спорт сонирхохгүй бол уулын цэвэр агаараар амьсгалан зугаалж болно. Энд янз бүрийн зэрэглэлийн хувийн хэдэн арван зочид буудал ажиллаж байна. Иймээс өөрийн боломж хөрөнгийнхөө хэрээр дуртай орон сууцыг сонгон авч болно» гэлээ.

 Олимпийн цэцэрлэгт хүрээлэн Красная Полянагийн уулын цанын барилга байгууламжуудаас 50 км зайтай оршино. Ирээдүйн олимпийн барилга байгууламжуудын хооронд чиглэлийн автобус, такси явна. Олимпийн цэцэрлэгт хүрээлэн бол 80 мянга гаруй хүнийг нэг зэрэг  байрлуулах жижиг хотхон юм.  Лут том алсыг харагч мөн цэцэрлэгт хүрээлэнгийн гол байгууламж болжээ. Сочи хот төдийгүй Хар тэнгис, Кавказын гол нуруу өндрөөс сайн харагдана. Спортын барилга байгууламжууд сонин хэлбэртэй. Жишээ нь архитекторчдын сэдснээр Спортын жижиг талбар цасан шуургыг сануулах ёстой.

Дээрээс харахад спортын том талбар мөсөн дуслалтай төстэй. Шөнө байшингийн бөмбөгөр орой  нэвт гэрэлтэж, өдөр нарны туяаг тусгаж байна. Иймээс талбар газар дээгүүр хальж байгаа мэт санагдана. Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн бүх зургаан барилга байгууламжийг удахгүй  2012 оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Барилга байгуулалтын дуу чимээний дотор  олимпийн хөгжөөн дэмжэгчдийн дуу хоолой сонсогдох болсон гэж Сочийн оршин суугчид хошигнон ярьцгааж байна. «Орос орон, урагшаа!» гэдэг уриа бусдаас чанга цуурайтна.

«Бид ураддаан тэмцээнд ялна! Орос орон аврага!» гэж Сочийн Олимпид зориулсан дуунд өгүүлжээ.

Хэзээ ч хүйтэн болдоггүй хот 2014 оны Өвлийн Олимпийн нийслэл болсон нь сонин шүү. Сочийн агаар маш зөөлөн дулаахан байна. Цаг уурын байдал зохисгүй болвол Олимпийг хүлээн авагчид техникийн цоо шинэ хэрэгслээр спортын өвлийн төрөлд шаардлагатай нөхцлийг бий болгоно. 2014 оны Өвлийн олимпийн наадам  мөн үед Сочид очих хүн бүрт мартагдашгүй баяр болно. Гэвч Оросын амралт сувиллын шилдэг хотын байдалтай хоёр жил хүлээлгүй одоо ч танилцаж болно. Олимпийн барилга байгууламжуудаас  өөр сонирхолтой зуйл Сочид байгаа.

Тэнгисийн буудал бол хотын гол дурсгалын нэг билээ. Дашрамд хэлэхэд  өнгөрсөн зууны эхээр Сочид боомт ердөө байхгүй байсан. Эрэгт ойртон зогссон хөлөг онгоцуудаас зорчигчид ба ачааг завиар эрэгт хүргэж байв. Тэнгисийн буудлыг 1955 онд барьжээ. Байшингийн гол хэсэг нь таван хошуу бүхий ганжиртай цамхаг юм. Дөрвөн тив, дөрвөн улирлыг дүрслэн үзүүлж буй барималууд цамхгийг тойрчээ. Тэнгисийн дагины баримал бүхий усан оргил дотоод хашааг нь чимэглэж байна. Тольдуураар бүх талаас нь гэрэлтүүлсэн буудал ялангуяа орой маш гоё харагдана.

Хотын тэнгис хавийн хэсэгт  орших далайн түвшингээс 663 метр өндөр Их Ахун ууланд авиран гарахад сайхан. Оргилд нь эргэн тойрныг харах 30 метр өндөр цамхаг байгаа. Сочийн шинэ гэрлэгсэд ийшээ ирэх дуртай. Тэнгэр цэлмэг байвал  том Сочи болон Кавказын гол нуруу эндээс тод харагдана.

Улаан болон  нягт шар моднууд Ахун нурууны зүүн-өмнөд талд ургаж байна. Одоогоос олон сая жилийн тэртээ мөсөн эрний өмнөх ой ийм байсан байх. Нарлаг өдөр ч төгөлд сэрүүхэн бүрхэг байна. Олон зуун жилийн настай моднуудыг чөдөр ургамал ороож, хөвд ургажээ.Ийм ховордсон мод дэлхийд цөөн байна. Иймээс төгөл дархан цаазтай газарт хамрагдав. Энд ховор 400 орчим ургамал түүний дотор нягт  шар ургаж байна. Энэ мод 400-500 жил ургадаг бөгөөд голчлол нь 50 метрт  хүрдэг.

Сочи өөр олон дурсгалт газруудын зочиддоо үзүүлж сонирхуулна. Тэдгээрийн тухай яриаг нэлээд удаан үргэлжлүүлж болно.Гэвч 100 удаа сонссноос нэг удаа харсан нь дээр. Олимпийн Сочид тавтай сайхан морилно уу!