Өнөөдөр сөрөг хүчний төлөөлөгчид Москва хотын төвд шудрага сонгуулийг хамгаалахын төлөө жагсаал хийнэ. Мөн өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч, ерөнхий сайд Владимир Путины талынхан оросын далбааны өнгөтэй тууз тарааж, Путинг дэмжсэн зурагт хуудас барьж зургаа авахуулахаар төлөвлөж байна. Сөрөг хүчний ажиллагаа “Том цагаан тойрог” гэсэн нэртэй юм. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ямарч уриа, зурагт хуудас барихгүй, үг хэлэхгүй, зөвхөн гар гараасаа барилцан Москва хотын төвийн нэгэн тойрог замыг амьд цагирагаар бүслэх юм байна. Зохион байгуулагчдын тооцож байгаагаар энэ тойргийг бүрэн бүслэхийн тулд 34 мянган хүн оролцох шаардлагатай юм. Энэ эсэргүүцлийн ажиллагаа нь флеш-моба хэлбэрээр явагдаж байгаа тул Москва хотын захиргаанаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм.