Хятад улс Су-35 сөнөөгч онгоц, С-400 «Триумф» зенитийн пуужингийн системийг Орос улсаас худалдан авах бодолтой байна гэж Оросын Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны 1-р орлогч захирал Александр Фомин  сэтгүүлчдэд мэдээллээ.

Түшмэлийн хэлснээр бол эдүгээ оросын талаас эл асуудлыг судлан боловсруулж байна. Хэлэлцээр байгуулах тухай ярихад эртдэнэ. Шинэ захиалга өгвөл Хятад улс дахин оросын байлдааны техникийн гол таван худалдан авагчийн нэг болох юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс худалдан авах зэр зэвсгийн хэмжээг багасгаж, өөрийн үйлдвэрлэлийг өргөжүүлж, гадаадын байлдааны техникийн загварыг нууцаар хулгайлан хуулж байсныг Стратеги,технологийг магадлан шинжлэх төвийн захирал, батлан хамгаалах асуудлыг судлагч Руслан Пухов «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө  тэмдэглээд:

«Эдүгээ Орос, Хятадын харилцаа цэрэг-техникийн хамтын ажиллагааны салбарт өрнүүн  хөгжиж байна. 90-д онд Хятад,Энэтхэг улсууд  оросын зэвсгийн гол худалдан авагчид байсан. Энэ нь тэр үед оросын батлан хамгаалах аж үйлдвэрт тус дөхөм үзүүллээ. Гэвч 2005 онд Хятад улс Оросоос худалдан авах зэвсгийн хэмжээг эрс багасгав. 1-рт Хятад их хэмжээний зэвсэг өөрөө үйлдвэрлэж, зөвшөөрлийн бичиг авч эсвэл нууцаар гадаадын зэвсгийг хуулан хийжээ. 2-рт хятадын талаас хэд хэдэн нарийн технологийг өөртэд нь олгохыг шаардав. Орос мөн шаардлагыг биелүүлээгүй» гэв.

Иймээс барагцаалбал зургаан жилийн турш хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагаа бараг хөгжихгүй байсан. Гэвч нэг жилийн өмнө Бээжин хандлагаа өөрчилж, Су-35 мэт дээд зэргийн технологиэр үйлдвэрлэсэн байлдааны техникийг авах асуудлаар хэлэлцээ хийж эхлэв. Мөн хөдөлгүүрийн үйлдвэрлэл ба Тэнгисийн цэргийн хүчний хэд хэдэн цогцолборыг бүтээхэд нь Хятадад оросын тусламж шаардагдаж байна. Иймээс  ОХУ  БНХАУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч мэднэ гэж Руслан Пухов үзэж байна.

Гэвч «Оросын дуу хоолой» радиогийн асуултад хариулсан өөр шинжээч нисэх онгоцны аж үйлдвэрийн мэргэжилтэн Максим Пятушкин байдлыг өөдрөгөөр үнэлэхгүй байна. Оросын үйлдвэрлэгч, зохион бүтээгчдийн оюуны өмчийн эрхийг нарийн чанд мөрдсөн цагт л Хятадтай цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлж болно гэж тэрээр үзэж байна. Максим Пядушкин хэлэхдээ:

«Хятад улс оросын байлдааны техникийг аваад хуулахыг оролдож байгаад хэргийн учир оршино. Оросын зэвсэг техникийг хуулахыг Хятад оролдсон учир хэлэлцээр байгуулахаас татгалзсан тохиолдол гарсан. Энэ нь юуны түрүүнд  Су-30,Су-27  сөнөөгч онгоцуудад хамаатай. Орос улс оюуны өмчийн асуудалд нямбай хандаж байгаа худалдан авагчидтай  байна. Иймээс  Хятадад байлдааны техникээ худалдахад болгоомжтой хандах болсон. Орос улс Хятад хуулж мэдэхийг харгалзан орчин цагийн олон төрлийн системээ тус улсад худалдахгүй байна» гэв.

Москва сөнөөгч нисэх онгоц, пуужингийн системээ Хятадад худалдах асуудлыг нарийн судлана. Түүнээс гадна өөрийн армийн хэрэгцээг хангах нь Оросын батлан хамгаалах салбарын урьтлал болсон. С-400 «Триумф» системийг Хятадад нийлүүлэх асуудлыг ОХУ-ын Зэвсэгт хүчнийг мөн системээр зэвсэглэх зорилтыг биелүүлэх тусам шийдвэрлэнэ гэж  Оросын Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны 1-р орлогч захирал Александр Фомин сэтгүүлчдэд мэдээлэв.