Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлогыг хүлцэхгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. Тэрээр Арабын Нэгдсэн Эмирт улсын  ерөнхийлөгч Халиф бен Заид Аль Нахайянтай утсаар ярьж, Сирийн байдлын зохицуулалтын асуудлаархи Оросын байр суурийг тодорхойлов. Сирид хүч хэрэглэх ажиллагааг аль болох түргэн зогсооход гойд анхаарал тавьжээ. Мөргөлдөөнд татагдан оролцож буй бүх талыг оролцуулан сирийн дотоодын өргөн яриа хэлцээ хийж эхлэхийг Оросын ерөнхийлөгч уриалав. Ямар нэг улсын удирдлага хуулиар батлагдсан эсэхийг тодорхойлохоор гаднаас оролцох явдал олон улсын эрх зүйн хэм хэмжээнд харшлаж, олон улсын ба бус нутгийн байдлыг тогтворгүй болгох аюултай гэж Медведев онцлов.

Оросын ерөнхийлөгч «Сирийн анд нөхөд» гэгч бүлгийн бага хурлын өмнөхөн ийнхүү мэдэгдлээ. Олон арван улс ба олон улсын байгууллагуудын төлөөлөгчид өнөөдөр Тунист нээгдэх бага хуралд оролцоно. Орос Хятад хоёр улс түүнд оролцохгүй. Тухайлбал Сирийн эрх баригчдын албан ёсны төлөөлөгчдийг бага хуралд уриагүй учир Москва оролцохоос татгалзав. Бага хуралд оролцогчид  ерөнхийлөгч Башар Асадыг аль болох түргэн огцоруулахын төлөө байгаагаа илэрхийлнэ гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Арабын судлалын төвийн удирдагч Александр Филоник тэмдэглээд: «Башар Асадын дэглэмийн талаархи арабын хэд хэдэн улс ба өрнөдийнхний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр бага хурлыг зарлан хуралдуулж байна. Оролцогчид нь Дамаскын дэглэмийг түлхэн унагах эцсийн зорилготой» гэв.

Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Сирийн байдлыг Иран, Саудын Арави, Иран улсуудын удирдагчидтай лхагва гаригт хэлэлцэв. Ерөнхийлөгч Орос улс НҮБ-ын АЗ-д санал хураалтын үеэр ямар учраас хориг тавьсаныг тайлбарлав. Тогтоолыг Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн хэд хэдэн орны оролдлогыг няцаахаар хориг тавьсан гэж Дмитрий Медведев тэмдэглэн хэллээ. Өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хүмүүнлэгийн асуудал эрхлэсэн өөрийн орлогч Валери Амосыг Сири улс руу яаралтай явуулахаар шийдвэрлэв. Орос улс Бан Ги Муны мөн алхамыг дэмжив. Тэр ч байтугай  Москва хүмүүнлэгийн байдлыг үнэлж, тусламжийн бараа таваарын тээвэрлэлтийг уялдуулан зохицуулахаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчийг Сири улс руу аль болох түргэн явуулахыг урьд санал болгосон билээ.

Түүнчлэн өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаныг Сирид суугаа НҮБ, Арабын орнуудын холбооны төлөөлөгчээр томилов. Тэрээр Сирид хүч хэрэглэх ажиллагаа ба хүмүүнлэгийн хямралыг эцэслүүлэх зорилгоор зөвлөлдөөн, хэлэлцээ хийнэ. Сирийн мөргөлдөөний зохицуулалтын хүрээнд дипломат хүчин чармайлтыг идэвхжүүлэх, НҮБ-ын үүргийг дээшлүүлэх тухай өгүүлж байна. Орос улс мөн зорилгыг биелүүлэхийн төлөө хатуу тууштай тэмцэж байна.