Өнөөдөр Орост нийт үндэсний баяр - Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байгаа өдөр сонгуулийн өмнөх цуглаан томоохон хотуудад хийжээ. Хамгийн олон хүн оролцсон цуглаан Москвад боллоо. Владимир Путины талынхан олимпийн «Лужники» цогцолборт цугларсан хийгээд нийслэлийн төвд Либерал-ардчилсан намын удирдагч Владимир Жириновский, коммунистуудын тэргүүн Геннадий Зюганов нарыг дэмжигчид цуглаан хийлээ. Оросын ерөнхийлөгчийн сонгууль эхэлтэл арваад хоног үлдээд байна. Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгчид олон нийтийн арга хэмжээг зохион явуулах боломжоо дээд зэргээр ашиглахыг хичээж байна.

 Владимир Путины талынхан эхлээд Москвагийн нэгэн эргийн гудамжаар яваад дараа нь олимпийн «Лужники» цогцолбрын хөл бөмбөгийн талбайд цугларав. Цагдаагийн байгууллагын албан ёсны тоо баримтуудаас харахад 130 мянга гаруй хүн цэнгэлдэх хүрээлэнд цугларсан байна. Владимир Путин талынхандаа талархал илэрхийлээд сонгуулийн өмнөх үг хэллээ.

«Бид өнөөдөр 2-р сарын 23-нд Эх орноо хамгаалагчийн өдөр цугларсан нь тэмдэглүүштэй. Юу гэвэл бид энэ өдрүүдэд эх орноо хамгаалж байна. «Бид Орост хайртай байна» гэж хэлэхээр өнөөдөр ийшээ ирсэн. Оросын олон арван сая хүн бидний үзэл санааг дэмжиж байна. Бид бүгд аугаа их Эх орныхоо ач тусын төлөө ажиллахад бэлэн байна. Ажиллах төдийгүй эх орноо хамгаалахад бэлэн байна» гэж Владимир Путин хэллээ.

Гадаадын хүчин манай улс орны дотоод улс төрийн үйл явцад хөндлөнгөөс оролцохыг хүлцэхгүй гэж Путин хэлээд «Бид хэн нэгэн манай дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож, хүсэл эрмэлзлээ тулган хүлээлгэхийг хүлцэхгүй. Юу гэвэл бидний хүсэл зориг бүх үед бидэнд л туслаж ирсэн юм. Бид ялагч ард түмэн юм.  Үүнийг нэг үеийнхэн нөгөөд залгамжлуулж байна. Одоо ч гэсэн бид ялна. Бид ялалт байгуулж, маш олон асуудлыг шийдвэрлэх ёстой. Эдгээр нь шудрага бус, тэгш биш байдал, авилгал, түшмэдийн бүдүүлэг хандлага, ядуурал зэрэг асуудал билээ. Манай  орны хүн бүр том дарга ч, эгэл жирийн иргэн ч үнэн, нанжин сэтгэлээрээ амьдраасай . Тэгвэл бид илүү их хүчтэй болно» гэв.

Өөр нэр дэвшэгчдийг дэмжсэн цуглаанд цөөн хүн оролцов. Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Оросын либерал-ардчилсан намын удирдагч Владимир Жириновскийг дэмжихээр дөнгөж 1500 хүн Москвагийн төв Пушкинская талбайд цугларсан байна.

Коммунистуудын тэргүүн Геннадий Зюгановын талынхан Кремлиэс холгүй Их театрын дэргэд цуглаан хийлээ. 2000 орчим хүн цугларсан гэж цагдаагийн байгууллага үзэж байна. Москвагийн хойд хэсэгт Бүх оросын үзэсгэлэнгийн төвийн  хаалганы дэргэд бас нэг цуглаан хийжээ. Мен цуглаанд оролцогчид ардчиллыг Орост гаднаас оруулахыг  эсэргүүцэв.