Афганистанд Коран хөлгөн сударыг америкийн цэргийн баазад шатаасныг эсэргүүцсэн жагсаал гурван өдөр дараалан  үргэлжилж байна гэж өнөөдөр «Аль-Жазира» араб дундын телевизийн суваг мэдэллээ. Өнөө өглөө 600 гаруй хүн Лагман мужид жагсаал хийж, америкийн эсрэг уриа лоозон хашгирав. Бас 300 орчим  оюутан  Жалалабад хотноо эсэргүүцлийн арга хэмжээ зохион явууллаа. Өчигдөр афганистаны цагдаа нар жагсагчдыг тараах үеэр зэвсэг хэрэглэсний уршгаар наанадаж 9 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархдав. НАТО эвслийн цэрэг зарим жагсагчийг буудан хөнөөсөн тухай мэдээлжээ. Афганистан дахь НАТО эвслийн цэргийн тэргүүн Жон Аллен дээрх будлиантай холбогдуулан уучлал гуйсан билээ. Өчигдөр АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта бас уучлал гуйв. Лалын хөлгөн сударыг устгасан хэрэг явдлыг мөрдөн байцааж байна гэж Аллен мэдэгдлээ. Эдгээр сударыг санаатайгаар шатаагаагүй. НАТО эвслийн түшмэд ийм будлианыг хэзээ ч давтуулахгүй байх зорилгоор зохих арга хэмжээ авч байна гэж тэрээр онцлов.