2-р сарын 23-нд Орос улсад хамгийн сайхан баярын нэг болох Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр ерөнхийлөгч Дмитрий Медведев  Нэр нь тодроогүй цэргийн булшинд хэлхээ цэцэг өргөх ёслолд оролцож, цэргийн гавьяаны цол хүртээх жуух бичиг Ломоносов, Ковров, Таганрог, Камчаткийн Петропавловск хотын төлөөлөгчдэд  гардуулав. Зэр зэвгийн талаархи шинжээчид баяраа тэмдэглэхийн хамт ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Владимир Путины үндэсний аюулгүй байдалд зориулсан ээлжит хөтөлбөрийн өгүүллэгийг хэлэлцэж байна.

Орос улс харийн армийг тэжээх гээгүй. Улс орныхоо тусгаар тогтнолыг найдвартай хангах хүчирхэг зэвсэгт хүчин залшгүй чухал юм. Ойрын арван жилд тив хоорондын 400 гаруй баллистик пуужин, 100 орчим цэргийн хиймэл дагуул, орчин цагийн 600 гаруй нисэх онгоц, цоо шинэ 2300 танкийг цэрэг-техникийн албанд шилжүүлнэ. Оросын флотыг бас буурьтай зэвсэглэнэ. Флот хориод шумбагч хөлөг, 50 гаруй байлдааны хөлөг онгоц авах юм. «Национальная безопасность» сэтгүүлийн газрын эрхлэгч Игорь Коротченко эдгээр тоо баримтыг тайлбарлан хэлэхдээ: «Оросын зэвсэгт хүчнийг зэвсэглэсэн шинэ төрлийн зэвсэг одоо 15 хувь эзлэж байгаа бол 2020 он гэхэд бараг 70 хувь болно. Энэ нь үндэсний аюулгүй байдлалд тулгарсан аюул сорилтыг зохих ёсоор няцаах боломж арми, флотод олгоно» гэлээ.

Боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал юм. Мэргэжилтнүүд л орчин цагийн зэвсэг техникийг ажиллуулах ёстой. 2017 он гэхэд Оросын 1 сая хүнтэй арми 700 мянган мэргэжилтэнтэй байх болно. 2020 он гэхэд цэрэг татлага 145 мянга хүртэл багасана. Одоо 200 мянга гаруй хүнийг цэрэгт татаж байна. Армийн шинэтгэлийн хэтийн төлөвийг тодорхойлох хэрэгтэй гэж «Независимое военное обозрение» сонины газрын хариуцлагатай редактор Виктор Литовкин  хэлээд «Владимир Путин ойрын 10 жилд армид олгох тодорхой хэмжээний зэвсгийг дурьсан төдийгүй 2050 он хүртэлх хэтийн төлөвийг хөндөж ярив. Шинэтгэлийн үзэл суртал маш чухал юм. Дэлхий ертөнц түргэн өөрчлөгдөж байна. Хэтэд юу болох вэ? Ямар дайн дэгдээж болзошгүйг бид ойлгох ёстой» гэв.

Эдүгээ Орос улс  өнөө үед тулгарсан аюулыг арилгаж няцаах механизмтэй байх төдийгүй хэтийн аюул сорилтын шинж чанарыг үнэлэх ёстой. Энэ нь иргэний ба цэргийн ШУ-ны боломжийг дайчлах, урт хугацааны таамаглал зохиохыг шаардаж буй том зорилт билээ. Путин өгүүллэгээ цэргийн биш  нийт үндэсний «Российская газета» сонинд нийтлүүлсэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж Виктор Литовкин цааш нь хэлээд «Ерөнхий сайд тэгснээрээ арми, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын асуудал бол  нийт ард түмний асуудал гэдгийг онцлов. Нийгэм  арми Улаан талбайд жигдрэн жагссаныг хараж бахдан сайшаахаасгадна  эл асуудал дээр ажиллах ёстой» гэв.

 Гол зорилт улс орныхоо эдийн засгийн хүчин чадлыг зузаатгаж, Оросын тусгаар тогтнол, бат бэх энх тайвныг хангаж чадах арми, батлан хамгаалалт-аж үйлдвэрийн цогцолборыг бий болгоход оршино гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин хөтөлбөрийн өгүүллэгийнхээ төгсгөлд бичжээ.