Иранаас нефть их хэмжээгээр худалдан авч буй Хятад,Энэтхэг улсууд 2012 онд тус улсаас авах нефтийн хэмжээг бараг 10 хувиар багасгах төлөвлөгөөтэй байна гэж ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Хятадын Sinopec нефть боловсруулах корпорацын Unepec  охин компани 2012 оны хэлэлцээрээр Иранаас худалдан авах нефтийн хэмжээг 10-20 хувиар багасгах төлөвлөгөөтэй байна. Шинжээчдийн мэдээлснээр энэ оны эхний улиралд Иранаас Хятадад нийлүүлэх нефтийн хэмжээ үнийн асуудлаар маргаан үүссэн учир багассан байна. Энэ оны үр дүнгээр Иранаас Хятадад нийлүүлэх нефтийн хэмжээ 14 хувиар буурах бололтой. Харин хятадын Zhuhai Zhenrong, Chinaoil компаниуд Ирантай байгуулсан хэлэлцээрүүдээ хэрэгжуулэх төлөвлөгөөтэй байна. Өөрийн хариуд Энэтхэгийн эрх баригчид Иранаас авах нефтийн хэмжээг 10-15 хувиар багасгахыг нефть боловсруулах компаниудаасаа шаардаж байгааг ИТАР –ТАСС агентлагийн мэдээлэлд тэмдэглэжээ. Ираны нефтийг худалдан авахаас татгалзах нь АНУ-аас Ираны эсрэг авсан хориг арга хэмжээний нэг хэсэг юм. Вашингтон холбоотнуудаа энэ зорилгоор албадаж байна. Энэ оны 1-р сард ЕХ Ираны эсрэг америкийн хоригт нэгдлээ. ЕХ-ны гишүүн улсууд 2012 оны 7-р сарын 1-нд гэхэд Иранаас нефть худалдаж авахаа болих ёстой. Нефтийн импортоор олох хөрөнгө багасах нь Тегераныг цөмийн хөтөлбөртөө чиглүүлэх хөрөнгө мөнгө багасгахад хүргэнэ гэж өрнөдийн орнууд найдаж байна.