Хятад улс Тунист болох «Сирийн анд нөхөд» гэгчийн уулзалтад оролцох нь нааштай үр дүнтэй ажил болно гэж АНУ үзэж байгааг Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Дэлхийн 70 гаруй улсын төлөөлөгчид Тунист болох бага хуралд уригдсаныг тэрээр дурдлаа. Энэ уулзалтыг Сирийн улс төрийн засгийг солиход чиглэгдсэн сирийн ард түмэн ба Арабын улсуудын холбооны хүчин чармайлтыг дэмжих зорилгоор зохион байгуулж байна. Бага хурлын хөтөлбөр Сирийн асуудлаархи тогтоолын заалтуудад нийцэж  байгааг Нуланд тэмдэглэв. Орос,Хятад улсууд  НҮБ-ын АЗ-н  тогтоолд хориг тавьсаныг дурдая. «Хятад улс урилгыг хүлээж авбал хүч хэрэглэх ажиллагааг зогсоох зорилгоор бидэнтэй хамт ажиллахад бэлэн байгаагаа харуулна» гэж Нуланд хэллээ. «Сирийн анд нөхөд» гэгчдийн уулзалт  2-р сарын 24-нд болох ёстой. Уулзалтад оролцогчдын бүрэлдэхүүн ба хэлэлцэх хэргийн төлөвлөгөө нь тодорхой биш учраас Орос улс оролцохоос татгалзав. Урилгыг хүлээж авах эсэх асуудлыг авч үзэж байна гэж Хятад мэдэгджээ.